Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэг шиг улс төрийн дуулиан шуугиан өдөр бүр өрнөлт жүжиг ч юм шиг, өрөвдүүлэх тактик ч юм шиг санагдуулах боллоо. АН-ынхан ард түмний төлөө гэж хурлын суудалд заларчихаад ажлаа ч хийлгүй цалинтай талбай дээр өлсөөд хэвтэж байх цаг дор ард түмний амьдрал цаана чинь түүнээс ч дор байна. АН хоёр хуваагдсан гол шалтгаан бол хоёр ворын (Дархлагдсан атаманууд) тэмцэл юм.

Яг одоогоор сарлагын бух шиг (Өвс идэж усаа уучихаад л мөргөлдөнө) аль аль нь дийлээгүй учир хонон өнжин мөргөлдөж тэр завсарт АН сульдан сульдсаар. Өнөөдөр болж буй сунгаанд нэг өрсөлдөгч 80 сая төгрөг тушаасан. Энэ мөнгө зүгээр л салхинд хийсэнэ. Яг үнэндээ Баттулга Элбэгдорж хоёрын аль ч ялахгүй. Энэ хоёр хэн хэндээ тахимаа ч өгөхгүй нь бололтой.
Одоо Сүхбаатарын талбайд “өлсөж” суугаа гишүүд ч Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөгүй гэдгээ мэднэ. Гэхдээ үүгээр халхавчилсан АН-ын даргын төлөөх “сунгаа” л явж байгаа хэрэг юм. Шуудхан хэлэхэд, АН-ын даргад одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар зүтгээд эхэлчихсэн. Хэн нь ч хэндээ алдах сонирхолгүй учраас Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эвлэж, нэгдэж амжаагүй хэрэг. Монголын улс төрд 30-аас дээш жил амьдарчихсан хашрууд шүү дээ.

Сонгуулийн дараа хэнд ч хэрэггүй шахам болсон АН-ыг аль нэг вор нь авч сэргээн засварлах гэж оролдох болов уу. Энэ хоёр вор өөрсдийн эрх ашгийг хангаагүй цагт АН-ыг зүгээр орхихгүй л болов уу. Тэнд их цэвэрлэгээ хийгдэж залуус түрэн гарч ирэх цаг болсон ч “Хөгшин буурын толгойноос амьд ат айсаар”. АН-ыг хуваагдсан, хүч муутай байгаад сөрөг хүчнүүд санаа зовохгүй нь мэдээж. “Үеийн чавганц ү.х.э.х.э.д дуртай байдаг даа” гэдэг шиг л…













