Ардчилсан нам хоёр талд хоёр нэр дэвшигч тодруулсан бөгөөд нэг тал нь өлсгөлөн зарлаад дөрөв хонож байгаа билээ. Тэдний хувьд намаа аль эртнээс хоёр хуваасан төдийгүй асуудлаа цэгцэлж чадахгүй байсаар С.Эрдэнийн бичиг баримтыг хүлээн авсанд нөгөө тал болох О.Цогтгэрэлийн талынхан өлсгөлөн зарлаж эхэлсэн.
Тэдний хувьд бурууг бусдад буюу СЕХ, Улсын Дээд шүүх болон эрх баригч нам руу хүртэл чихэж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: “Өнөөдөр цар тахал өргөн хүрээнд тархчихсан, цөөнгүй хүн амь насаа алчихсан, халдварын гаралт буурахгүй байгаа энэ үед хэвлэлийн хурал хийж буйдаа харамсаж байна. Уг нь Ерөнхийлөгчийн сонгуульд нам, улс төрөөс нэг л хүнийг нэр дэвшүүлэх учиртай.
“2012-2016 онд УИХ-д хэн олонх байсан юм, хэн УИХ-ын дарга байсан юм Ардчилсан намынхан байсан. Хэн Ерөнхий сайд байсан юм. Н.Алтанхуяг өөрөө байсан. Хэн Ерөнхийлөгч байсан юм, Ц.Элбэгдорж байсан.
Парламентын засаглалтай оронд дарангуйлал тогтоно гэж байхгүй. Хэрэв байвал бид тэмцэх болно.
АН хоёр хүнийг нэр дэвшүүлчихээд төрийн байгууллагыг, эсвэл ямар нэгэн улс төрийн хүчнийг шийдэж өг гэдэг байдлaaр асуудалд хандаад байна.

Анхнаасаа хоорондоо учраа олоод нэг хүнээ л нэр дэвшүүлчих хэрэгтэй байсан. Тэгвэл өнөөдрийнх шиг талбай дээрээ өлсгөлөн зарлаад, хорио цээрийнхээ бүх дэглэмийг зөрчиж, халдвар тархах нөхцөлийг бий болгож, асуудал үүсгэхгүй байсан.
Тэгэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчид нэг л хүнээ нэр дэвшүүл, хоорондоо учраа олцгоо.
Энд хэн нэгэн буруутныг хайгаад байх ямар ч шаардлага байхгүй. Хоорондын маргаанаа бусдаар, тэр дундаа төрийн байгууллагуудаар шийдүүлэх гэж оролдох ямар ч шаардлага байхгүй.
Та бүхэн санаж байгаа бол 2012-2016 оны сонгуулийн дараа МАН УИХ-д 27-уулаа байхад бидэнд бүлэг байгуулж өгөхгүй байсан юм шүү дээ. Би УИХ-ын гишүүн мөртлөө Байнгын хорооны хуралд ороод суухаар АН-ын гишүүд “Юу хийж яваа юм” гэж даапaaлдаг байлаа шүү дээ, тэр үеэ мартчихаа юу.
Н.Алтанхуяг УИХ-ын индэр дээрээс “Хууль ямар хамaaтай юм бэ” гэж хэлж байсныг ард түмэн мартаагүй байх.

Монгол Улсад хууль хэрэгтэй, ягштал мөрдөх ёстой. Монгол Улсад хэн ч хуулиас гадуур байж хэрхэвч болохгүй. Хууль зөрчих болохоороо бусдыг дарангуйллаа гэж ярьж огтхон ч болохгүй.
Нэг хүнээ л нэр дэвшүүлчих, хэн ялахыг Монголын ард түмэн шийднэ” гэв.
















