Манай улс танхимын сургалтыг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс зогсоож, зайнаас хичээллэсээр уртын амралттай золгосон.
Харин энэ хичээлийн жилийн эхний хэдэн долоо хоног танхимаар хичээллэсэн ч тухайн улирлаа дуусгалгүй дахин хөл хорионд орж, теле хичээлд шилжсэн юм. Үүнээс хойш нийслэлд танхимын сургалтыг нээгээгүй бол орон нутагт өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн сургуулийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Гэвч сар хүрэхгүй хугацаанд зарим аймаг, сумдад халдвар тархаж, дахин хөл хорио тогтоосон. Тиймээс мөн л сурагчид зурагт, утас харж, хичээллэхээс өөр аргагүйд хүрэв.
Энэ хичээлийн жилийн зуны амралтын хугацааг наашлуулах шийдвэрийг өчигдөр БШУЯ-наас мэдээлсэн. Улмаар 1-3 дугаар ангийн сурагчдыг тавдугаар сарын 07-ны өдөр хичээллүүлээд амраах болсон бол 4-12 дугаар ангийн сурагчид тавдугаар сарын 14-ний баасан гарагт хичээллээд амраахаар болжээ. Түүнчлэн улсын болон анги дэвших шалгалт авахгүй ч танхимаар хичээллэсэн хугацааны амжилт, зайнаас хичээллэсэн үеийн идэвх, бусад оролцоо зэргийг харгалзаж үзэн багш нар дүн гаргахаар шийдвэрлэсэн байна.
Ийнхүү энэ жил ч мөн дээрх байдал давтагдаж, хүүхдүүд хоёр жил сурсан мэдлэггүй анги дэвшиж байна. Үүний үр дагавар нь хүүхдүүд хоёр жил орчмын хугацаанд хичээл, сургуулиасаа хөндийрч, утас зурагттай нөхөрлөв.













