Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр сонгогдсон Ардчилсан намын хоёр эрхмийн материалыг хүлээж аваагүй талаар өмнө нь мэдээлсэн. Энэ тухай үйл явцын мэдээллийг бид өмө нь хүргэсэн билээ.
О.Цогтгэрэл даргаар нь сонгогдсон АН-ын тухайд эвлэрч, ойлголцох асуудал ярихгүй, нэр дэвшигчийнхээ материалыг заавал өгч байж эндээс явна гэдэг мэдэгдэл хийсэн. Энэ дагуу тухайн Ардчилсан намын гишүүд суулт хийж эхлээд байсан юм. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд бүгд энэ талын Ардчилсан намд хамаатдаг.
Тэгвэл тэд 15.00 цагт Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан захидал бичжээ. Үүндээ МАН гэдэг нэг нам эзэрхийлж, Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагаанд хөндөнгөөс оролцож байна хэмээн дурдаад, ҮАБЗ-ийг яаралтай хуралдуулж өгөхийг хүсжээ. Түүнчлэн тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ мэдэгдэж, тэд өлсгөлөн зарлалаа.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнарангийн хувьд Ардчилсан намд 00.00 цаг хүртэл боломж олголоо хэмээсэн. Энэ хооронд дотооддоо учраа олж амжихгүй бол УДШ-ийн лавлагаанд үндэслэж шийднэ гэж мэдэгдээд буй. Харин УДШ-ээс С.Эрдэнийг Ардчилсан намын дарга мөн гэсэн утгатай лавлагаа гаргаж өгөөд байгаа гэж тэр ярьсан юм.













