МАХН, МАН-тай гэрээн дээр тулгуурлаж нэгдсэн талаараа мэдээлэл хийлээ.
МАХН-ын дарга Н.Энхбаяр: Бид энэ удаагийн сонгуульд өөрийн нэр дэвшигчгүй. Харин МАН, МАХН нэгдэн нийлэх үйл ажиллагаа явуулж байгаа учраас улс төрийн өндөр соёл үзүүлж, ард түмнийхээ эв нэгдлийг бодож, Монгол төрийн тэргүүнийг сонгох сонгуульд, МАН-ын намаас нэр дэвшсэн МАН-ын дарга У.Хүрэлсүхийг дэмжихээр шийдвэрлэсэн. Ингээд хоёр намын нэгдэн нийлэх ажиллагаа гэрээнд тулгуурласан. Энэ гэрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд гарын үсгүүдээ зурж баталсан. Бидний нам нэгдсэнээр:
Нэгдүгээрт, Жинхэнэ хоёр намын жирийн гишүүдийн дунд хэлэлцүүлэг явуулсан. Хоёр намаас ажлын хэсэг уулзаад, хамтарсан уриалга гаргасан. Хамтарсан уриалга дотроо 10 том зорилтыг дэвшүүлсэн. Энэ уриалгыг намын гишүүд дэмжиж, гэрээ байгуулсан. Гэрээнд нэгдэн нийлэх үйл явцад ямар ямар том асуудлуудыг оруулахыг ярьж байгаа. Бид бол шинэ Үндсэн хуультай болно гэж байгаа.
Хоёрдугаарт, Байгалийн баялаг бол ард түмний өмч байх ёстой гэж үзэж байгаа. Ялангуяа Хүрэлсүх Засгийн газраа толгойлж ажиллаж байхдаа, уул уурхайн ордууд цөөн хэдэн хүний эзэмшилд очоод авилга хээл хахууль их байна гээд зарим газруудтай тэмцсэн.
Гуравдугаарт, Нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улсыг байгуулна гэсэн зарчимтай байгаа. ОХУ, Швед, Норвеги, Англи, Франц, Канад зэрэг дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнууд өөрсдийн Үндсэн хуульдаа ямар улсаа байгуулах гэж буйгаа бичдэг. Түүнд нийгмийн чиг баримжаатай БНУ гэж бичсэн байдаг. Англи бол Хаант засаглалтай Үндсэн хуульт улс гэж томьёолдог.
Нэг угшил гаралтай, нэг үүх түүхтэй, нэг үзэл баримтлалтай МАН, МАХН нэгдэн нийлэх үү, эвсэл болох уу, сонгуульд хамтран оролцох уу гэдэг сэдэв байнга яригдаж ирсэн. Ингээд МАХН У.Хүрэлсүхийг ялуулахын тулд бүх шатны байгууллагууд, бүх албан тушаалтнууд идэвхтэй ажиллана’ гэв.













