УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд байна.
Тэрээр хэлэхдээ: ‘Хуулиар УИХ-д суудалтай дөрвөн Ерөнхийлөгчийн сонгуульд нам нэр дэвших эрхтэй. МАН-аас нэр дэвших хүн нь тодорхой болсон. Харин АН-аас одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших байх гэж харж байсан ч МАН-ын 62 хүн У.Хүрэлсүхийг ялуулахын тулд хүч төрсөн бодлого явуулсан. Үндсэн хуулийнхаа цэцийг хүртэл татан оролцуулж, энэ хүнийг буланд шахаж байгаа нь болчимгүй үйлдэл.
Мөн ХҮН-аар тоглоом хийчих шиг боллоо. МАХН МАН-тай нэгдсэн. Энэ жилийн сонгууль юу болох нь вэ. Хэн өрсөлдөх гээд байгаа юм. УИХ-д 62 суудалтай энэ нам жинхэнэ сонгууль хийх юм уу. Өрсөлдөгчөө түрүүлж намнаад унагачихаж байна.
Монгол Улс МАН-ын улс болох эгзэгтэй байдал үүсэх гэж байна. Муур хулганаар тоглодог шиг намуудаар тоглоод хаячихсан. Нэг хүний засаглал тогтох нөхцөл байдал бүрдэх нь үү гэж харж байна.
Хоёрдугаарт, байгалийн баялаг 30 гэр бүлийн мэдэлд орсон гэдэг нь хэвээрээ л байгаа. У.Хүрэлсүх 65 хүнтэй ажиллалаа. Энэ асуудлыг шийдэж чадагүй. Одоо 62 гишүүнтэй ажиллаж байна. Энэ нөхцөл байдалд Ерөнхийлөгч болоод юм хийхэд нь эргэлзэж байна. 100 жилийнхээ ойгоор Ерөнхийлөгчтэй болох зорилт тавьсан. Магадгүй ковид тархаж байгаа нь 100 гэдэг тоотой холбоотой байж магадгүй. Тиймээс Н.Алтанхуяг миний бие нэр дэвшихээ мэдэгдэж байна’ гэсэн юм.













