51.3 сая хүн амтай Өмнөд Солонгос улсад хоногт бүртгэгдэх халдварын тохиолдол 700 орчим байна. Тус улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд kopoнaвиpycийн халдварын 735 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс 715 нь дотоодод илэрсэн халдвар байна. Халдварын тохиолдол өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойш 116,661 боллоо гэж Өмнөд Солонгосын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх газраас мэдээлжээ. Өмнөд Солонгост хоногт хамгийн ихдээ 1200 хүнээс халдвар илэрч байжээ.
Харин тус улсаас 17 дахин цөөн хүн амтай Монгол Улсад хоногт бүртгэгдэх халдварын тохиолдол 1300 давжээ.
БНСУ-д kopoнaвиpycийн халдвар анх илэрснээс хойш оргил үе нь арванхоёрдугаар сард тохиолдож байв. Гэвч оргил үедээ бүртгэгдэж байсан хоногийн тоон үзүүлэлт Монгол Улсынхтай харьцуулахад ойролцоо байгаа юм. Өөрөөр хэлбэл, хоногт хамгийн ихдээ 1200 тохиолдол нэмэгдэж байжээ.
2020 оны арванхоёрдугаар сарын 25-нд хамгийн их буюу 1237 тохиолдол бүртгэгдэж, өнөөдрийн байдлаар 106 мянга гаруй хүн эдгэрч 8000 гаруй хүн эмчлүүлж байна. Түүнээс хойш хоногт илрэх халдварын тохиолдол буурч, энэ сард л гэхэд өдөрт 500-700 хүнээс халдвар илэрч байна.
ТОКИОД ХОНОГТ 861, УЛААНБААТАРТ 1245
Японы нийслэл Токио хотод өнөөдөр шинээр 861 хүнээс халдвар илэрлээ. 37 сая хүн амтай тус хотод энэ долоо хоногт дунджаар 684 тохиолдол илэрч байгаа бол өмнөх долоо хоногийн дундаж нь 523.4 байв.
Харин үүнээс 30 дахин цөөн хүн амтай Улаанбаатар хотод өнөөдөр 1245 хүнээс халдвар илрэв.
Халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа учраас Япон улсын засгийн газар Осака, Хиого, Киото зэрэг мужуудад хөл хорио тогтоохоор бэлдэж эхэлжээ. Тус улсад лхагва гарагт нийт 5291 тохиолдол шинээр нэмэгдсэн нь нэгдүгээр сарын 22-ноос хойших анхны 5000 давсан үзүүлэлт болжээ. Осакад хоногт 1242, Хиогод 563 хүнээс халдвар илрээд байна.
Харин Монгол Улсад гуравдугаар сарын 11-нээс тогтмол өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Эх сурвалж: Japan Times, Korea Times, Our world in data













