Италийн Катанзаро хотын 67 настай иргэн хагас сая еврог луйврын замаар авсан гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ. Тэрбээр 2005 оноос хойш буюу 15 жилийн хугацаанд орон нутгийн эмнэлгээс цалин авдаг байсан ба мөрдөн шалгах явцад энэ эмнэлэгт нэг ч өдөр ажиллаж байгаагүй нь тогтоогдсон байна.
Тэрбээр Pugliese Ciaccio эмнэлгээс нийт 538 мянган евро /647.3 мянган доллар/, сард дунджаар 3 мянган еврогийн цалин авч байжээ.
Guardian-д бичсэнээр тухайн иргэн 2005 онд ерөнхий эмчийг дарамталж, түүний талаар тайланд тусгахгүй байхыг шаардаж байсан гэнэ. Улмаар ерөнхий эмчийг тэтгэвэртээ гарсны дараа түүний ажлыг авсан хүн тухайн ажилтан ажилдаа ирдэг байсан үгүйг шалгаж байгаагүй ажээ.
2016 онд Италийн эрх баригчид ажил таслалтыг зогсоох чиглэлээр хуулиа чангатгасан байна. Учир нь төрийн албан хаагчдын дунд ажил таслах үзэгдэл түгээмэл байсан аж. 67 настай иргэн болон түүнтэй үгсэн хуйвалдсан байж болзошгүй эмнэлгийн зургаан ажилтныг шалгаж эхэлжээ.
Эх сурвалж: ВВС

