Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан болон түүний гэр бүлийг тойрсон асуудал иргэдийн шүүмжлэлд орсоор байгаа юм.
Тухайлбал, С.Амарсайханы эхнэр Ч.Ичинхорлоо ХӨСҮТ-ын улаан бүс буюу kopoнавиpycийн xaлдвapтай иргэд хэвтэн эмчлүүлж байгаа тасаг руу нэвтэрч, хэсэг хугацааг өнгөрөөж, тэндээсээ шууд гарч нийгмийн харилцаанд орсон байж болзошгүй мэдээлэл гарч олны дypгүйцэлтэй тулгарсан. Тэгвэл С.Амарсайхангийн хүү А.Эрдэнэхүслэн БШУЯ-ны харьяа боловсролын зээлийн сангаас 27,166 ам.долларын зээл авч, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс /ИБУИНВУ/-ийн Бристолын Их сургуульд суралцаж байж болзошгүй гэх мэдээлэл гарч эхлээд байна. Тус мэдээлэл А.Эрдэнэхүслэнд нь энэ оны хоёрдугаар сард 16 –ны өдөр зээл олгосон гэжээ.

Учир нь Шадар сайд С.Амарсайхан нь улсын зээлд хамрагдаад байхгүй, нэлээдгүй чинээлэг нэгэн гэдэг бөгөөд тэрээр “Оюуны ундараа групп” ХХК, “МСГ” ББСБ, Эво вэлнэс ХХК зэрэг аж ахуй нэгжийн хувьцаа эзэмшдэг гэдэг.
Тэгвэл энэ талаар tsahiur.mn сайт баримт дэлгэжээ
Шадар сайд Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Их Британи, улсын Бристолын Их Сургуульд суралцахаар Боловсролын зээлийн сангийн 27 166 ам доллар буюу 77.4 сая төгрөгийн зээлд хамрагджээ. Энэ зээл Амарсайханыг Шадар сайдын албан тушаалд томилогдсоноос 17 хоногийн дараа баталгаажсан талаар бид өмнө мэдээлсэн.
Энэ талаар Шадар сайдын хэвлэлийн албаны дарга Ц.Мөнхбаатар нийгмийн сүлжээнд “Шадар сайдын хүү А.Эрдэнэхүслэн дэлхийн шилдэг 100 сургуулийн 91-т эрэмбэлэгддэг сургуулийн шалгуур үзүүлэлтүүдийг ханган, мэдлэг чадвараараа тэнцэж, Боловсролын зээлийн сангийн шалгаруулах комиссын болзол шалгуурыг ханган зээлд хамрагдсан. Аав нь дарга гэж дулдуйдахгүйгээр нэг ч гэсэн монгол хүү дэлхийн шилдэг их сургуульд өөрийн мэдлэг чадвараараа үнэлэгдэн тэнцэж, үүнийг нь төрөөс дэмжин эргэн төлөгдөх нөхцөлтэй сургалтын зээлд хамруулсан асуудалд бид талархдаггүй юм гэхэд улстөржүүлж, эцэгтэй нь холбон харлуулахаа болих хэрэгтэй” хэмээн тайлбар бичсэн. Түүний бичсэнчлэн Английн Бристолын Их Сургууль нь дэлхийн топ 100 сургуулийн 91-т жагсдаг нь гарцаагүй үнэн.

МУ-ын Засгийн газар дэлхийн топ их сургуулиудын жагсаалтын эхний 20 сургуульд тэнцсэн суралцагчид мэргэжлийн чиглэл харгалзахгүйгээр, харин 21-100 жагсалтанд багтах Их сургуульд тэнцсэн суралцагч нарт Засгийн газраас тогтоосон “Тэргүүлэх чиглэлийн мэргэжил”-ээр суралцах бол сургалтын зээлд хамрагдах хүсэлт гаргах эрхтэйг тогтоосон байдаг.

Тэгвэл Шадар сайдын хүүтэй нас чацуу Э гэх хүүгийн сурлагын амжилт болоод зээлд хамрагдах хүсэлт нь хэрхэн хад мөргөснийг одоо танд баримтаар үзүүлье. Баримт өөрөө яриг.

Э хүү нийслэлийн мэдээлэлзүйн олимпиадын удаа дараагийн тэргүүн байрын шагналтан. TOEFL 107, SAT 1520 оноотой. Калифорнод байх Сандеогогийн их сургуулийн шалгуур үзүүлэлтийг сурлагын чанар, мэдлэг чадвараар ханган, суралцах урилга хүлээн авсан. Түүнд урилга ирүүлсэн Сандеогогийн их сургууль дэлхийн ТОП 100 сургуулийн 33-т эрэмбэлэгддэг. Өөрөөр хэлбэл, шадар сайдын хүүгийн суралцах сургуулиас даруй 58 байрын өмнө эрэмбэлэгддэг сургууль болохыг та баримтаас харж байна.

Түүнчлэн Э хүү уулын механик инженер мэргэжлийг эзэмшихээр сонгосон. Энэ мэргэжил нь МУ-ын Засгийн газраас тогтоосон “Тэргүүлэх чиглэлийн мэргэжил”-ийн жагсаалтад багтдаг. Өөрөөр хэлбэл МУ-д нэн шаардлагатай мэргэжил эзэмшихээр Дэлхийд 33-т эрэмбэлэгддэг сургуулийн урилгыг атгасан хүү юм.

Харин түүний сургалтын зээлд хамрагдах хүсэлтэд нь БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сан “үгүй” гэж хэлжээ. Учир нь “баклаврын зэрэгт суралцагсдад зээл гаргахгүй байгаа” гэх хариултыг хэлсэн байна.
Тэгвэл Шадар сайдын хүү А.Эрдэнэхүслэн боловсролын ямар зэргээр суралцахаар зээлд хамрагдсаныг аавынх нь хэвлэл хариуцсан ажилтнаас асуухад “баклавр” хэмээн хариулсныг та мөн баримтаар харж байна.

Бас нэгэн охины жишээ: “Сургалтын төлбөр ийм хялбар байдаг гэж үү? Намайг 11-р анги төгсөхөд ээж минь энэ зээлийн талаар судалж мэргэжилтнээс нь асуухад “энгийн хүний хүүхдэд олддог юм биш” гэж хариулж байсан юм даа. Энгийн бус хүний хүүхдээ гэж” хэмээн бичжээ. Баримт өөрөө яриг…

Эх сурвалж: https://tsahiur.mn/n/s/2696













