Хоёр хoнoгийн өмнө буюу 04 сaрын 14-ний өдөр “Улaaнбaaтaр Сoнгдo” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хoёр иргэнээс aвсaн түргэвчилсэн oнoшлуурын шинжилгээ эерэг гaрч, иргэдийг айдаст автуулсан тохиолдол болсон. Тиймээс титэмвирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд хүсэлтээрээ түргэвчилсэн оношлуураар оношлуулах боломж байгаа эсэх талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүгээс тодруулга авлаа.
Тэрбээр хэлэхдээ “Хувийн эмнэлгүүд иргэдийг түргэвчилсэн оношлуураар оношлох нь чөлөөтэй. Ингэх нь сайн хэрэг учраас бид хорихгүй. Гэхдээ түргэвчилсэн оношлуураар оношлоод, эерэг гарсан тохиолдолд бидэнд эхлээд мэдэгдэх хэрэгтэй. Ингэснээр бид нарийн шинжилсний дараа нийтэд мэдээлэх ёстой. Түргэвчилсэн оношлуур бол чимээ өгч байгаа хэрэг болохоос шинжилгээний эцсийн хариу биш гэв.
Гаднын зарим улс, орон тус өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдээ олноор нь титэмвирус-ийн шинжилгээнд хамруулаад байгаа. Харин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүтэй биечлэн уулзаж, зарим хүн хүсэлтээрээ шинжилгээ өгье гэж байгааг зохицуулах үүрэг чиглэл өгсөн гэдгийг ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр дуулгасан бөгөөд “ХӨСҮТ-д нэмэлтээр нэг лабораторийн шугам нээгдээд буй. Өөрөөр хэлбэл, ХӨСҮТ-д Өмнөд Солонгосын ЭСЯ, Хятадын ЭСЯ-наас өгсөн оношлуураар шинжилгээ хийх өрөө нэмэгдсэн билээ. Лабораторийн шугам нэмэгдсэн учир зарим хүний хүсэлтийг үндэслэн коронавирус илрүүлэх шинжилгээ авах боломжтой боллоо хэмээн мэдэгдэж байсан юм.
Хэдийгээр манай улсад дотоодод халдвар тархаагүй байгаа ч эрсдлийн үнэлгээгээр тархах эрсдэл маш өндөр хэвээр байгааг мартаж болохгүй. Иймд хэрвээ уг журам хэрэгжиж эхэлбэл иргэд сайн дураараа хувийн эмнэлэгт оношлуулах боломжтой болж, хүн амын дунд халдвар тархах, тархсаныг эрт илрүүлэн арга хэмжээ авахад томоохон ахиц гарч болох юм.
Гэхдээ мэдээж иргэд уг халдвараас урьдчилан сэргийлэхдээ нэн тэргүүний арга болох амны хаалт тогтмол хэрэглэх, гараа савандаж угаах, хүмүүстэй зайнаас харьцах зарчмаа баримтлах нь чухал.













