Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар энэ сарын 10-25-нд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн Улаан түвшинд шилжих шийдвэр гаргав. Уг шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нар сэтгүүлчдийн асуултад хариулав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Ирэх сарын 1-нд Монгол Улс агаарын хилээ нээнэ. Гэхдээ зөвхөн хоёр тун вакцинд хамрагдсан иргэдийг л оруулахаар төлөвлөж, ажлын баг гарган ажиллаж байна. Энэ бол хоёр ач холбогдолтой. Нэгдүгээрт, эдийн засагт хэрэгтэй. Хоёрдугаарт, Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлыг агаарын хил нээснээс хойш хочр сарын дотор ашиглалтад оруулах гэрээтэй. Долоодугаар сарын 1 гэхэд Монгол Улс хүн амаа бүрэн вакцинжуулах нь олон улсад эерэг мессеж болно. Энэ нь Монголд олон жуулчин ирэх сэдэл болно. Тэгэхээр бид нисэх онгоцны буудлаа наадмын өмнө ашиглалтад оруулахыг зорьж байгаа. Аялал жуулчлалын салбарынхан ч үүнийг хүсэж байгаа’ гэв.
Харин Сангийн сайд Б.Жавхлан: Төсвийн бодлого, мөнгөний бодлого нийцэж байхын төлөө ажиллаж байна. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх хөтөлбөр бол зөвхөн зээл биш. 3 хувийн хүүтэй зээл бол зөвхөн нэг хэсэг нь. Засгийн газар албан ёсоор хэрэгжүүлж эхэлснээс хойш 400 тэрбум гаруй төгрөгийн зээлийг 5000 гаруй иргэн, аж ахуйн нэгжид өгсөн байна. Энэ бол эзэндээ очиж байгаа. Үүний дүнд эдийн засагт нааштай үзүүлэлт гарч байна. Төсвийн орлого хоёрдугаар сард 70-80 хувьтай байсан бол гуравдугаар сард 90 хувьд хүрсэн. Ер нь бол Монгол Улсын төсвийн гүйцэтгэл эхний хоёр улиралд дутуу гардаг, сүүлийн хоёр улиралд үүнийгээ нөхдөг онцлогтой. Одоо 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь маш нааштай үзүүлэлт бөгөөд баталсан төсвийн хүрээнд орлого, зарлагаа тэнцүүлээд явах боломж байна хэмээн тус тус хариулт өглөө.

