Унгар улсад амьдарч байсан монгол эмэгтэй kopoнaвиpycийн халдвар авч, нас баржээ. Тухайн эмэгтэй төрөх дөхөж байсан бөгөөд ураг нь инкубаторт бойжиж байгаа аж. Уг мэдээллийг Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ Элчин сайд З.Батбаяр өөрийн цахим хуудаснаа оруулж, ийнхүү гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
Тэрбээр, ‘Муу мэдээ сонсгож байгаадаа хүлцэл өчье. Гайтай муу kopoнa дахин нэг иргэнийг маань аван одлоо. Хэдхэн сарын өмнө хүүхэдтэй болно гээд хөөрч явсан залуухан ээж, үхэлтэй 20 гаруй хоног тэмцэлдсэний дараа тэнгэрт дэвшлээ. Жирэмсэн байсан шинэ ээж аймшигт өвчнөөс бяцхан охиноо авраад, үрийнхээ зулайг үнэрлэж ч амжилгүй, зүсийг нь харж ч чадалгүй тэртээд одлоо. Ар гэр, хань ижил, бяцхан охин, ойр дотнынхонд гүн эмгэнэл илэрхийлье.
Бяцхан охин нь юу ч мэдэхгүй инкубаторт эрүүл энх торниж байгаа бөгөөд аав нь, эмээ өвөө нь, Монгол түмэн нь охиныг чинь өсгөж гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэж, сайн хүн болгон хүмүүжүүлэх болно. Унгарт буй Монголчууд нь туслах болно. Хань ижил нь сэтгэлээ чанга барьж, охиныхоо төлөө бас ханийхөө төлөө давхар амьдрах ёстой боллоо. Чи чаднаа залуу минь. Охиноо ээж нь байгаа юм шиг сайхан өсгөөрэй, ард түмэн, Монгол зон олон нь хамт байх болно.
Энэ мөрүүдийг гар чичрэн бичиж сууна. Огт уулзаж үзээгүй, танихгүй ч гэсэн үхлийг ялан дийлэхийн төлөө хэрхэн тэмцэж байхыг чинь нүдээр харсан хүний хувьд дүүгээс минь өөрцгүй санагдах залуухан ээж чи мөнх тэнгэртээ тайван нойрс доо. Даяар олноороо, хүн бүр халдвараас сэргийлж, хайртай бүхнээ хамгаалаарай. Мөнх хөх тэнгэр, уул ус минь ивээх болтугай’ хэмээжээ.
Гүн эмгэнэл илэрхийлье.













