Facebook олон нийтийн сүлжээний 500 сая гаруй хэрэглэгчийн хувийн мэдээлэл өнгөрөгч бямба гарагт нэгэн хакерын форум дээр тавигдаж, цахим орчинд цацагджээ.
Хэн ч хамаагүй нэвтрэх боломжтой энэхүү том хэмжээний өгөгдөлд 106 орны 533 сая Facebook хэрэглэгчийн хувийн мэдээлэл ил харагдах аж. Үүний дунд АНУ-ын 32 сая гаруй хэрэглэгч, Их Британийн 11 сая хэрэглэгч, Энэтхэгийн 6 сая хэрэглэгчийн мэдээлэл байгаа бөгөөд нийт 106 орны тоонд Монгол Улс багтаагүй байна.
Энэхүү хакерын ажиллагааны хүрээнд хэрэглэгчдийн Facebook хаяг, утасны дугаар, овог нэр, байршил, төрсөн огноо, намтар, имэйл хаяг зэрэг хувийн мэдээлэл алдагдсан байна. Хакерууд эдгээр мэдээллийг ашиглан хохирогчдын хувийн мэдээллээр дамжуулан залилан үйлдэж магадгүй гэж цахим аюулгүй байдлын судлаачид анхааруулж байгаа юм.
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх Hudson Rock компанийн Захирал Алон Гал Facebook гэх мэт нэр хүнд бүхий компанид хувийн мэдээллээ бүртгүүлж буй хувь хүмүүс тэдэнд итгэж байгаа бөгөөд тус компанийн зүгээс хэрэглэгчдийнхээ өгөгдөлд хүндэтгэлтэй хандах ёстой.
Хувийн мэдээллээ олон нийтэд алдсан хэрэглэгчдийн хувьд энэ нь итгэлцлийн асар том зөрчил болж байгаа тул зохих журмын дагуу шийдвэрлэх хэрэгтэй хэмээн мэдэгджээ.













