УИХ, Засгийн газрын гишүүн асан Н.Номтойбаяр хорих ангиас хэдхэн хоногийн өмнө суллагдсан. Түүний УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусгавар болоогүй байхад буюу 2020 оны тавдугаар сарын 28-ны өдөр цагдан хорьсон билээ.
Шүүхээс Н.Номтойбаярыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа ‘Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр’-ийн хэрэгжилтэд зохих хяналтыг тавиагүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан нь Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэн хоёр жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, нэг жилийн хорих ял оноосон юм.
Хэдхэн хоногийн өмнө суллагдсан Н.Номтойбаяр хорих ангиас гарсан даруйдаа Бурхан Халдунд гарсан байна. Энэ талаараа Твиттер хуудсандаа жиргэж өөрийн зураг болон сэтгэгдлээ бичиж үлдээжээ.
Ингэхдээ: ‘Гарангуутаа бурхан халдунд гарлаа. Ер нь эрх чөлөө, аз жаргалыг тайлбарлах философлиг ухаан хайх хэрэггүй юм байна. Эрх чөлөө нь гэр бүл ойр дотнынхонтойгоо хамт байснаар олддог бол аз жаргал нь тэдэнтэйгээ хэрхэн хамт байснаар олддогийг мэдэрлээ’ хэмээсэн байв.













