АНУ-ын Вашингтоны их сургуулийн Барнес эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн эмч, доктор Тиффани Осборн “СОVID-19”-ийн халдвар авсан өвчтөнүүдтэй ажилладаг тул гэр бүлээ эрсдэлд оруулахаас сэргийлэх зорилгоор 2020 оны гуравдугаар сараас аяны машиндаа өөрийгөө тусгаарлан амьдрах болсон байна.
Тэгвэл тэрээр саяхан коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунгаа тариулсныхаа дараа буюу бүтэн жилийн дараа гэртээ харьж, нөхөр, хоёр хүүхэд дээрээ очжээ. Энэ хугацаанд доктор Тиффани ээлжтэй үедээ аяны машинаа эмнэлгийнхээ зогсоолд байршуулж, ээлжээс буусан үедээ Сент-Луис дахь гэрийнхээ гадаа амьдарч, нөхөр хүүхдүүдтэйгээ гадаа уулздаг байсан аж.
Дэлхийн хэмжээнд доктор Осборн шиг “СОVID-19”-ийн халдвартай өвчтөнүүдийг эмчилж буй мянга мянган эмч, сувилагч нар гэр бүлээ эрсдэлд оруулахаас сэргийлэх зорилгоор өөрсдийгөө янз бүрийн аргаар тусгаарлаж амьдарсаар байна.
Тэгвэл доктор Тиффани “CNN” телевизэд энэ талаар “Би гэр бүлтэйгээ дахин нэгдсэндээ маш их баяртай байна. Эрүүл мэндийн салбарын олон ажилтан гэр бүлээ эрсдэлд оруулахгүй, тэднийгээ аюулгүй гэх мэдрэмж авахын тулд над шиг өөрийгөө тусгаарласан. Би анх хэсэг хугацаанд аяны машинд амьдарна гэдгээ мэдэж байсан ч бүтэн жил болно гэж огт бодоогүй. Би өнгөрсөн сард вакцинд хамрагдсан. Манай хотод вакцинжуулалт явагдаж, өвчлөлийн тоо буурсан. Улмаар би ажил дээрээ хувийн хамгаалах хэрэгсэл, амны хаалтаа тогтмол зүүсэн тохиолдолд гэртээ харихад аюулгүй гэдэг мэдрэмжийг олж авсан. Аяны машинд амьдарч байхад би гэр бүлээсээ тусдаа ариун цэврийн өрөөнд усанд орж, хувцсаа угаадаг байсан. Одоо би дахиад ээлжинд орж ажиллана. Ээлжээс буугаад шинжилгээ өгч сөрөг хариу авах хүртлээ хуучин аргаараа өөрийгөө тусгаарлах болно” гэж ярьсан байна.

Доктор Тиффанигийн нөхөр энэ хугацаанд байшингаа өргөтгөж, эхнэрээ тусгаарлах зай гаргахаар төлөвлөж байсан ч аяны машин худалдан авсан тул ингэх боломжгүй болсон аж. Тэрээр нөхөр бид хоёр аяны машин худалдан авах хэмжээний мөнгө хадгалж байсан нь аз болсон гэсэн байна. Доктор Тиффани 19 болон 15 насны хоёр хүүхэдтэй бөгөөд тэднийх нь эрүүл мэнд, аюулгүй байдал түүнийг аяны машинд өөрийгөө тусгаарлах гол шалтгаан болсон аж.
Түүний том охин болох Эшли Осборн “CNN” телевизэд “Ээж минь байхгүй байх хугацаанд би илүү хариуцлагатай байж, гэртээ түүний хийдэг зүйлсийг хийж байсан. Үнэнийг хэлэхэд би ээжийг явж, өөрөө бүхнийг хийх шаардлагатай болох хүртлээ түүнийг ямар их зүйлсийг амжуулдаг байсныг анзаардаггүй байж. Хоолоо хийх, аягаа угаахаас эхлээд ээжийнхээ эзгүйд би түүний хийдэг зүйлсийг аль чадахаараа л хийхийг хичээсэн. Ээж байхгүй учир дүүтэйгээ ярилцдаг байлаа. Ээж гэдэг хүн ер нь хүүхдүүдээ хамгийн их ойлгож, сонсдог хүн юм байна” гэжээ.
Мөн доктор Тиффани энэ хугацаанд шантрах бүрд нь үргэлж урам өгч, өөрийг нь хурцалж байсан нөхөртөө талархсан байна. Тэрээр “Мэдээж хэцүү байсан. Аз болоход намайг дэмжиж, хурцалдаг нөхөр байгаа нь сайн хэрэг” гэсэн юм.
Осборны гэр бүл энэ бүхний дараа аяны машинаа зарахаар төлөвлөж байгаа аж. Тиффанигийн нөхөр Жефф Осборн эхнэр нь аяны машинд өөрийгөө бүтэн жил гэр бүлээсээ тусгаарласан талаар “Би энэ хугацаанд түүнийг цар тахалтай хийх дайны тэргүүн фронтод тулалдахаар цэргийн албанд татагдсан гэж боддог байсан. Түүний хийж чадсан зүйлээр би үнэхээр бахархаж байна. Энэ хугацаанд эхнэр минь аль болох олон хүнд тусалж, түүнийг ардаа санаа зовохгүй амжилттай байхын тулд бүх зүйлийг зохицуулах нь миний ажил гэдгийг би мэдэрсэн” гэсэн байна.
Эх сурвалж: CNN
http://itoim.mn/article/T4fWL/26600













