Б.Болдсайхан эмч чингэлэгт амьдардаг залуу гэр бүлд САЙХАН МЭДЭЭ дуулгалаа
Зүрхний хавсарсан эмгэгтэй охиноо эмчлүүлэхээр хотыг зорин ирсэн ч амьдралын боломж гаралгүй өнөөдрийг хүрсэн залуу гэр бүлийн тухай ТВ8 телевизийн “ТОЛЬ” мэдээллийн хөтөлбөр сурвалжлан хүргэсэн билээ.

Охиныхоо төлөө орон нутаг дахь хашаа, байшингаа заран хотод ирж, таван жил чингэлэгт амьдарсан тэдний хүсэл биелж, “Зүрх мартахгүй” төслийг санаачлагч Б.Болдсайхан эмч “Сонгдо эмнэлэг, “Зүрх мартахгүй” төсөл охиныг үзэж, онош нарийвчилж тогтоосон, эмч нарын зөвлөгөөнөөр орсон. Энэ 5 дахь, эсвэл ирэх 7 хоногт хагалгааг үнэ төлбөргүй хийж өгнө” гэсэн сайхан мэдээ дуулгалаа. Охины ээж З нь 29 настай ба 2014 онд нөхөртэйгөө танилцаж, жилийн дараа эхний хүүхдээ төрүүлж байжээ. Харамсалтай нь, охин нь 2 сартай байхдаа зүрхний хавсарсан эмгэгтэй болох нь оношлогдсон байна. Түүнээс хойш гурван сард нэг удаа эмчийн хяналтад орж, сэхээн амьдруулах тасагт ч хэдэнтээ эмчлүүлж байжээ. Охинд хийх хагалгаа нь Энэтхэг улсад 50 сая төгрөгийн үнэтэй байдаг аж.














