Сумогийн Их аврага, Жаран ес дэх Ёкозуна Хакухо М.Даваажаргалтай өнгөрч буй жилийн барилдааных нь талаар хөөрөлдсөнөө хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ нэгэн сонирхолтой зүйлийг ярьжээ.
Тэрбээр 2020 оны долдугаар сарын башёны талаар хуучлахдаа ‘Арав дараалан давчихлаа. Дараах өдөр нь Комүсүби Даиэйшёотой барилдаан таарч, бас л түрэгдээд дэвжээнээс гарахдаа баруун өвдгөө гэмтээж, башёг орхиод, дөрөв, тав хоногийн дараа хоёр дахь удаагаа баруун өвдөгөндөө хагалгаа хийлгэсэн. Хагалгааны дараа Сүгимото эмч ‘Аварга аа, хүний өвдөгний шөрмөс нэг л байдаг. Таных хоёр гэх үү дээ, давхар юм. Би өдий хүртэл хэдэн зуун өвдөг үзэж, эмчилсэн. Тан шиг хоёр шөрмөстэй хүн таарч байсангүй. Лазер хагалгааны аргаар шөрмөсийг чинь салгаж, тэллээ. Анагаах ухааны эрдэм шинжилгээний хурал дээр ‘Хакухо аваргын шөрмөс’ гэсэн илтгэл ирээдүйд уншиж болох юм’ гэж хэлж билээ.
Мөн судасны нас гэж байдаг юм байна л даа. Хоёр, гурван жилийн өмнөх шинжилгээний дүнгээр миний судасны нас өөрийн наснаас арван жилээр залуу гэсэн хариу гарсан. Хоёр жилийн өмнө баруун гарын булчингаа тасалчихав. Ийм бэртэл ер эдгэрдэггүй юм гэнэ. Хэдэн сарын дараа үзүүлтэл эдгэрчихсэн байна гээд эмч нар шуугиад явчихав.
Тоглоомоор та харь гаригаас ирээгүй биз дээ гэж хэлж билээ. Тэгээд таны ДНК-г нарийн судлах гэсэн юм. Шинжилгээ авч болох уу гэлээ. Би зөвшөөрлөө. Америкийн лабораторид явуулж, шинжлүүлсэн юм байна лээ. М7 гэх гентэй гэнэ. Баахан л шинжилгээний хариу ирж, гарал үүсэл Африкаас гаралтай ч гэх шиг юм ер нь хачин даа’ хэмээн ихэд сонирхолтой зүйлс ярьжээ.
Дашрамд дуулгахад их аваргын маань төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Түүнд халуун баярыг хүргье!

