AHY-ын Bиpжиниa мyжийн Apлингтoн xoтoд aжиллaж aмьдapдaг Дөлгөөн гэx Moнгoл бvсгvйг яpилцлaгaдaa ypьcaн юм. Учиp нь тэpээp өнгөpөгч oны 11 capын cvvлээp цар тахал тycaaд эдгэжээ. Дээpx acyyлтyyдaд xapиyлт aвaxaap тvvнд caнал тaвьcaн юм.
-Яаж халдвар авснаа мэдсэн бэ?

-Би энд нөхөр, хоёр хүүхэдтэйгээ мөн үеэл эгчтэйгээ хамт амьдардаг. Үеэл эгч маань шинжилгээ өгч, халдвар авсан нь тогтоогдсон. Өнгөрсөн зунаас бид “Хэрвээ коронавирус тусвал яах вэ” гээд мэдээлэл нэлээн сайн цуглуулсан юм. Америкт вирус мутацид орлоо гэдгээс хойш ямар эмчилгээ хийж байгаа талаарх мэдээлэл нэлээд тодорхой болж эхэлсэн. Тийм болохоор сэтгэл санааны хувьд бэлтгэлтэй, юу хийхээ нэлээд сайн бэлтгэсний дараа халдвар авсан нь тодорхой болж, шинж тэмдгүүд илэрч эхэлсэн.
-Ямар шинж тэмдгүүд илэрсэн бэ?
-Хоолой хуурайшсан. Гахайн ханиад гэж нэг хэсэг гарсан даа, яг тэрэнтэй шинж тэмдэг нь адилхан.
-Хүн томуу тусахаар хамаг бие янгинаад, халуурдаг даа. Тэгсэн үү?
-Тэрнээсээ өмнө хамар битүүрч, хамарны нармай хорссон. Манай эгч хамар сонин болоод байна гэхээр нь за наадх чинь яг л мөн байна даа гэж хэлсэн. Гэтэл муу юм бодоод яахав, сэтгэл дагадаг юм чинь гэдэг монголчуудын хандлагаар л хандсан даа. Би халуурахгүй байгаа юм чинь зүгээр байх аа, хоолой хорсоод л өнгөрөх шиг боллоо гээд гурав хоночихсон. Гэхдээ би аяга тавагнуудаа ариутгаад, авах арга хэмжээнүүдээ авч эхэлсэн. Тэгтэл гурав хоногийн дараа эгч маань “Би юм үнэрлэхээ больчихлоо” гэсэн. Үнэртэй ус цацсан ч юу ч үнэрлэхгүй болсон байсан. Тэгээд ажил руугаа утасдаад /хумсны салонд ажилладаг/ болсон явдлаа хэлсэн. Эндхийн үйлчилгээний газруудад халдвар илэрлээ гэхэд яах вэ гэдэг журам нь тодорхой болчихсон. Монголынх шиг бүгдийг нь хаагаад, тусгаарлах зүйл байхгүй. Дарга нь Шинжилгээ өгөөд, хариу нь эерэг гарвал 14 хоног эмчилгээ хийгээрэй. 14 хоногийн дараа шинжилгээ дахиж өгөөд, хариу нь сөрөг гарвал ажилдаа ороорой гэж хэлсэн.
-Эмнэлэгт бол огт хэвтээгүй юу?
-Эмнэлэг хөнгөн туссан хүмүүсийг хүлээж авахгүй. Зөвхөн хүндэрсэн, амьсгалын дутагдалд орсон хүмүүсийг л хүлээж авна. Гэрээсээ гарахгүй, 10 хоног эм уух шаардлагатай.
-Ямар эмчилгээ хийж, ямар эм уусан бэ?
-Бидэнд бол эмч зөвлөөгүй. Цуглуулсан мэдээллээрээ л эм авч уусан. Монголчууд ч хэрэглэдэг дээ, Терафлю гээд эм байдаг. Тэр нь энд өдөр, оройных гэсэн багцаараа байдаг. Тэрийг л уусан даа. Энд арваннэгдүгээр сараас нэг мэдээлэл цацаж эхэлсэн. Тэр мэдээлэлд, түрүүнд нь коронавирус үхэлд хүргэж байсан нэг шалтгаан нь коронавирус хүний биед нэвтэрсэн даруйдаа цус өтгөрүүлдэг юм байна. Өндөр настай хүмүүс угаасаа өтгөн цустай байдаг, үүн дээр вирус нэмэхээр цус нь өтгөрч судсанд бөглөрөл үүсгэж, зүрх судасны өвчний улмаас амиа алдаж байна гэсэн. Тийм болохоор цус шингэлэхийн тулд аспиринийг эмчилгээнд нэмснээр хүндрэл багаслаа, 40-өөс дээш насныхан цус шингэлэх зорилгоор аспирин уугаарай, гэхдээ болгоомжтой хэрэглэх ёстой гэж мэдээлсэн. Тийм болохоор аспирин уусан. Гэхдээ терафлютайгаа хамт уух биш, завсраар нь ууж хэрэглэсэн.

-Танай гэр бүлийн хэчнээн хүн халдвар авсан бэ?
-Манай эгч дөрөв дэх өдрөө юм үнэрлэхээ больсон болохоор шинжилгээ өгөхөөр болсон. Яг өмнө өдөр нь миний хамар, нармай хорсоод эхэлсэн. Манай гэрт хамар угаадаг бургуй байсан. Бодистойгоо дагалдаж ирдэг дээ, монголд ч байдаг юм билээ. Тэгээд гэр бүлээрээ хамраа орой бүр угааж эхэлсэн. Вирус хамгийн эхэлж наалддаг хамрын нармай хэсэгт эхэлж хорсож байх шиг байгаа юм. Цагаан гаатай, зөгийн балтай сүү ууж, хүүхдүүдээ халуун усанд оруулах гэх мэт арга хэмжээ авсан. Миний хамар хорсоод эхлэнгүүт гэр бүлээсээ тусгаарлая гэтэл бага хүү маань “Өвчин хамаагүй, би хамт тусаж, хамт эдгэнэ” гээд хамт унтдаг болохоороо салахгүй гэсэн. Гэхдээ манай нөхөр, хоёр хүү ямар ч шинж тэмдэг илрээгүй, огт тусаагүй. Ер нь ойр хавийнхаа таньдаг халдвар авсан хүмүүсийг харж байхад бас л тусах нь тусаад, тусахгүй нь тусахгүй.
-Тусах эсэх нь биеийн онцлогоосоо шалтгаалж байгаа юм болов уу?
-Би гэр дотроо эрсдэл өндөртэй хүн юм. Монголд байхдаа ходоодны хорт хавдар тусаж, ходоодоо тайруулж, хими эмчилгээнд орж байсан.
-Гэхдээ арга хэмжээ авсных хөнгөн туссан байж болзошгүй л юм.
-Тэгэлгүй яахав. Би хамар дөнгөж загатнаж эхлэхэд нь л хамраа угааж, терафлю, аспирин, витамин ууж эхэлсэн.
-Бие нь бүр өвдөөд хэвтсэн үү? Хэд хоног өвдсөн бэ?
-Хэвтсэн. Хамар загатнангуут эм ууж эхэлсэн мөртлөө маргаашнаас нь нармай хорсоод эхэлсэн. Халуун бууруулах эм ууж байсан учир халуураагүй. Гэхдээ эмээ нэг л алгасахад халуурахаар байсан. Хэвтэхийнхээ өмнө гарч чадахгүй болно гэдгээ мэдэж байсан болохоор аптек орж таван хүний, 14 хоног уух эм, витамин авсан. Нийт зардал нь 350 доллар болсон. Шинжилгээ өгье гэтэл яг бие өвдөөд хэвтчихсэн. Орондоо тав хоног яг л хэвтсэн. Бид хүүхдүүдээ даатгуулсан, өөрсдөө эрүүл мэндийн даатгалгүй юм. Үнэгүй шинжилгээнд орохын тулд нэлээд урт дугаарт зогсох ёстой байсан болохоор гарч чадаагүй.

-Шинжилгээ нь хэдэн доллар байсан бэ?
-Дунджаар 190 доллар байсан. Яг ижил тогтсон ханштай биш, янз бүр байсан. Даатгалтай бол тодорхой хувийг нь өөрөө гаргана.
-Тав хоногийн дараа гайгүй болчихсон уу?
-Гайгүй болоогүй. Арай гэж очоод шинжилгээ өгтөл миний шинжилгээ сөрөг гарчихсан. Яагаад гэхээр би 5 хоног хамраа угааж, эм уусныхаа дараа шинжилгээ өгсөн болохоор тэгсэн болов уу. Манай эгчийн шинжилгээний хариу эерэг гарсан, бид хоёрын шинж тэмдэг, өвдөж хэвтсэн өдөр хоногууд яг адилхан байсан. Тийм болохоор туссан гэдгээ би мэдэж байсан л даа.
-Хяналт яаж хийж байсан бэ?
-Эгчийн шинжилгээний хариу эерэг гарсны дараа бүртгэл хийгдэж, утсаар асуумж авсан. Танд ийм ийм зовиур илэрсэн үү гэж өдөр бүр асууна. Миний толгойны урд хэсэг, духаар маш их өвдөж, нармай, нүдний ухархай руу өвдөж байсан. Шинж тэмдгээ хэлэхээр Сэжигтэй тохиолдол гэж бүртгэж байгаа юм. Тэгээд шинжилгээ өгөөрэй л гэж хэлж, бүртгэж байснаас Ийм эмчилгээ хийгээрэй гэдэг зөвлөгөө огт өгдөггүй юм билээ.
-Эдгэрсний дараа ямар шинж тэмдгүүд илэрч байна? Арьс харладаг, мартамхай болдог гэх мэт мэдээллүүд яваад байх юм.
-Халдвар яг арваннэгдүгээр сарын 20-нд эхэлсэн. Бид хоёрын тооцоогоор арванхоёрдугаар сарын 5-нд шинжилгээ өгөхөд бүх зүйл тодорхой болно гэж бодож байсан. Тэгээд яг 5-н гэхэд бид хоёрын зовуурь арилсан байсан. Эгчийн хоёр дахь удаагийн шинжилгээний хариу ч сөрөг гарсан. Миний хувьд эхнийх нь сөрөг гарчихсан болохоор дахиж өгөх нь утгагүй санагдсан. Тэгээд ч шинжилгээний хариу бол бүртгэлд зориулсан нэг тоо, бичиг баримт юм байна л гэж бодсон. Түүнээс намайг эмчлэх гэсэн зүйл огт байгаагүй. Ер нь энд зохион байгуулалт их муутай. Хүмүүс ёстой амь амиа л бодож байгаа даа. Тоо авах нь л хүнээ эмчлэхээс илүү чухал байгаа юм байна гэдэг нь их мэдрэгдсэн. Бүртгэл, мэдээллээ цуглуулах, тэгээд манай улсын халдварын тоо тэд боллоо гэдэг тоогоор хөөцөлдөх нь хамгийн чухал байгаа нь аль ч улсад тодорхой харагдаад байгаа юм. Энд бас нэг жүжигчин Нэг өдөр дөрвөн шинжилгээ өгч үзлээ. Хоёр нь сөрөг, хоёр нь эерэг гарлаа. Ийм байхад итгэхэд хэцүү гэж бичсэн байсан.

Эдгэрсний дараа арьс, үс маш их хуурайшдаг юм билээ. Мартамхайгийн хувьд коронагаас үл шалтгаалаад угаасаа мартамхай байсан. Гар утаснаас өдөрт хэт ачаалалтай мэдээлэл авч байгаа болохоор мартаж, санах асуудал байнга байх болсон. Харин сар гаруй ядарсан хэвээр байсан. Дур мэдээд Д витамин, ядаргааны эсрэг витаминууд ууж байсан.
-Ажил амьдрал нь хэвийн үргэлжилж байгаа юм байна тийм үү?
-Одоо бол хэвийн.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
Эх сурвалж : GOGO













