Сү.Батболд жирийн бизнесмэн нэгэн байсан бол туулж ирсэн замнал, үүх түүхийг ухаж, үг, үйлдэлийг хянаж, хариуцлага нэхэх ч шаардлагагүй л байх. Татвараас зайлсхийхийн тулд оффшордоо л биз гээд өнгөрөөнө. Гэтэл төрийн гурван өндөрлөгийн нэг, засгийн хувь заяаг атгаж явсан, Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд ч арай ингэж барин тавин мэдэн будилж боломгүй. Түүний хэлсэн үг, мэдэгдсэн мэдэгдэл, учирласан тайлбарт сонгуулийн өмнөхөн монголчууд итгэж хөөрхий минь Бату майнинг гэдэг компанийн хувьцааг худалдаж авсан юм байна, өөрөө ч татвараас зугтаах гэж оффшор бүсэд компани байгуулж данс нээгээгүй гэж байна гээд зөөлөндүү хүлээн авч, учиргүй буруутгаагүй.

Гэтэл сүүлийн үед улс төрийн хүрээнд Сү.Батболд 2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бэлдэж эхэлсэн гэх яриа хүчтэй яригдаж эхлээд байна. Түүний талаар Английн төрийн томоохон сайтад 11 сая еврогийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг болохыг баталсан мэдээлэл гараад байна. Улс төрийн томоохон албан тушаалтан, оффшорчин гэгддэг түүний үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг үг цуурай болон замхарлаа. Сү.Батболд энэхүү мэдээлэлд ямар тайлбар хийж уснаас хуурай гарахаар зүтгэхийг харах л үлдлээ.













