YИX-ын гишvvн C.Гaнбaaтapтaй яpилцлaa.
-Еpөнxийлөгчийн coнгyyлийн жил эxэллээ. Ta энэ yдaaгийн Ерөнхийлөгчийн сонгуульд намаа төлөөлж дахин нэр дэвших үү?
-Мөнх хөх тэнгэр мэдэг. МАХН-ын шударга сэтгэлтэй олон сайхан гишүүн, дэмжигчид үүнийг шийднэ. Хэзээ нэгэн цагт Монгол Улсыг аврах боломж надад олдвол ямар ч байсан эхний ээлжид Монгол Улсыг өргүй болгоно. Ажлын байрыг бий болгохын тулд нийгмийн гурван талт түншлэл буюу Үйлдвэрчин, Ажил олгогч эздийн холбоо, МҮХАҮТ-ийг дээд шатанд гарна. Томоохон уул уурхайн стратегийн ордуудыг үр ашигтай ажиллуулах гурван том зорилтыг тавьж ажиллана.
-МАХН хэзээ хурлаа хийж нэр дэвшигчээ тодруулах вэ. Намын дарга нь нэр дэвших боломжгүй болсон учраас таныг дэвшүүлэх байх гэж хараад байна л даа?
-Н.Энхбаяр дарга нэр дэвших бүрэн боломжтой, маш их тэвчээртэй хүн. Эрх баригчид Н.Энхбаяр даргаас ухаан алдалтлаа айж байна. Хууль зөрчин байж сонгуульд оруулахгүй арга хэмжээ авсан. МАХН Бага чуулганаа гуравдугаар сард хийж нэр дэвшигчээ тодруулна.
-УИХ-ын гишүүн хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд хуулийн хувьд ямар процесстой вэ?
-УИХ-ын гишүүний ажлаа өгөх ёстой гэвэл хууль номоор нь шийднэ. Би хуулийнх нь зүйл заалтыг дагаж ажиллана.
-Шүүхийн тухай багц хуулийг УИХ батлах гэж байна. Энэ хуулийн гол өөрчлөлт нь юу байна вэ?
-Шүүхийн тухай хуулийг цорын ганц өөрчлөлт нь шүүгч нарыг хэн шүүх вэ гэдэг асуудал. Манаачийг хэн манах вэ гэдэг асуудалтай адилхан. ШЕЗ гэж шүүгч нарыг шалгаруулаад, санал болгож тавьдаг байгууллага байдаг. Шүүгч нар алдаа хийвэл түүнд сахилга хариуцлагын асуудлыг ярьдаг Сахилгын хороо гэж байгаа. Энэ хоёр байгууллагын тухай л ярьж байгаа. Энэ хоёр байгууллагыг Үндсэн хуульд байгуулна гэж заасан. Би Үндсэн хуулийг эсэргүүцэж байгаа юм биш. Үндсэн хуулийн үзэл санааг би дэмжиж байна. Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хуулийн байгууллага байж болно. Гэхдээ үүнийг УИХ-аар томилдог нь буруу гэдгийг хэлж байгаа. Яагаад гэхээр УИХ 30 жилийн хугацаанд эдийн засаг бүлэглэл байсан. УИХ улс төр, эдийн засгийн олигарх бүлэглэлүүдийн нөлөөнд байна. Манай УИХ барьцаалагдсан УИХ болчихоод байгаа юм.

-УИХ-аас Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг томилохгүй гэвэл хаанаас, хэн томилох ёстой юм бэ?
-Ерөнхийлөгч, Ерөнхий сайд мэдэх ёстой гэсэнгүй. Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мэдээч ээ гэдэг гаргалгааг би ярьж байгаа. Шүүгчдийг томилох, сахилга бат хариуцлага тооцох. Яагаад гэхээр өнөөдрийн авлигын асуудал улс орны үндэсний аюулгүй байдлын төвшинд ирчихсэн байна. Тэгэхээр шүүгч нарын асуудлыг ҮАБЗ-ийн гурван гишүүн хамтарч шийдээч ээ гэж байгаа юм. Яагаад гэхээр 2020 онд Монголын авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүст хариуцлага тооцсон. Салхитын мөнгөний орд, Эрдэнэтийн 49 хувь гээд авлигал албан тушаалын том гэмт хэрэг ҮАБЗ-өөр шүүгч нарт хариуцлага тооцож байж арай гэж наашаа эргэсэн. Яагаад энэ боломжийг устгаж байгаа юм бэ. Мөн энэ хуулийг эсэргүүцэж байгаа дахиад нэг шалтгаан нь ШЕЗ-ийн зөвлөлийн гишүүдийг, Сахилгын хорооны гишүүдийг маш их өндөр шалгуураар хэлэлцүүлэг явуулж, сонгон шалгаруулалт, нээлттэй сонсгол хийнэ, маш нарийн процесстой гээд байгаа. МҮОНРТ-ийг үүнээс том процедураар шалгаруулдаг. Хууль нь ийм зузаан. Тэгсэн мөртөө л УИХ-д байдаг мафийн толгойлогч нар МҮОНРТ-д хэнийхээ тавих вэ гэдгээ наймаалцдаг. Хэн нь хэдэн хүнээ тавих вэ гэдгээ бүлэглэлүүд хоорондоо ярьж хувааж авдаг. Гэтэл одоо Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороо яг ийм болж байна. Гуравт, нэг аймгийн дарга ч юм уу, төрийн өмчийн компанийн захирал байлаа гэж бодъё. Энэ хүн хуудуутай хувьчлал хийх гээд, эсвэл ямар нэгэн байдлаар тендерийн том шахаа, худалдан авах үйл ажиллагааны ашиг сонирхолтой шийдвэр гаргах гэж байгаа тохиолдолд тэр хүн ажлын хэсэг байгуулдаг. Дараа нь өөрөө шийдэхгүй Удирдах зөвлөлөөрөө шийдүүлдэг. Дараа нь энэ хууль бус зүйл хийсэн байна гэдэг асуудал үүсэхэд Доржийн ажлын хэсэг гэдэг хүн хайгаад олдохгүй. Хулгайч нүүрээ нууж хулгай хийхийн тулд УЗ, ажлын хэсэг гэдэг олон хэлбэрүүдийг олдог. Өнөөдөр Ц.Элбэгдоржийн үед шүүхийг дэндүү дампуурууллаа гэж ярьдаг. Ц.Элбэгдорж гэж хар овоохой байна шүү дээ тэнд. ҮАБЗ-ийн гурван хүн шүүхийг мэддэг байгаач ээ гэсэн л байр суурийг би илэрхийлж байгаа. Шүүхийн тухай хууль энэ чигээрээ батлагдвал маргааш нь цагаан захтнууд шоронгоос гарч ирнэ. Шүүгч нар дараа нь бүлэглэлүүдийн гар хөл, тэдэнд үйлчилдэг болно. Гэтэл үүний дараа хэнд хариуцлага тооцох вэ.УИХ гэдэг хүн Монголд байхгүй. УИХ-ын гишүүд, УИХ доторх нууц бүлэглэлүүд байгаа. Эд улам далд, улам гаатай хулгайгаа хийнэ. Эзэн биегүй болно.
-Уг нь шүүх, шүүгч нарыг хараат бус болгох гэж л энэ өөрчлөлтийг хийж байгаа биз дээ?
-Хонгилын түлхүүрийг нуух гэж байна. Одоо бол хонгилын эзэн нь хэн бэ гэдэг нь тодорхой байна. Одоо бол хонгил нурахгүй, эзэд нь нуугдана. Энэ балгийг монголчууд нуруун дээрээ үүрнэ. Одоо бол манай шүүгч нар гайхамшигтай хараат бусаар ажилладаг. Жирийн иргэн, бизнесмэнтэй шүүгч нар уулзахгүй. Ард түмнээсээ асар их хараат бусаар ажилладаг. Харин УИХ дахь бүлэглэлүүдэд байнга тайлангаа өгөхөөр энэ хуулийн өөрчлөлтийг хийж байгаа. Онцгой хараат болгож байгаа. Харин ҮАБЗ-ийн гурван гишүүн бол сайн ч муу ч Монголын ард түмний сайн, мууг бүгдийг нь үүрээд явдаг.
-ҮАБЗ-ийн гурван гишүүн мэддэг болохоор харин ч гуравхан хүний мэдэлд өгчих юм биш үү?
-Энэ нь УИХ дахь эдийн засгийн бүлэглэлүүд хоорондоо тохирсноос арай дээрээ л гэж хэлж байгаа юм. Муу ч сайн ч энэ гурван хүнийг ард түмэн сонгодог. Надад үүнээс өөр хувилбар олдохгүй байна. УИХ-ын эдийн засгийн бүлэглэл сонгосноос хамаагүй дээр. Ер нь бол шүүгч нарыг ард түмнээс сонгох ёстой. Би Монгол Улсын Ерөнхийлөгч болбол энэ саналыг гаргаж ирнэ. Намайг сургуулийн хүүхэд байхад сонгуулиар Ардын их хурлын депутат гэж сонгодог байсан. Ингэхдээ тухайн аймаг, дүүргийн шүүгчийг бас сонгодог байсан. Хэрэв болохгүй бол санал гаргаж авч хаядаг. Энэ хамгийн сайн хувилбар. Энэ миний хамгийн хүсдэг зүйл. Энэ гурав бүлэглэлийн толгойлогч байж болно гэхдээ ядаж нэрээ хичээх байх.
itoim.mn













