МАН-ын мөрийн хөтөлбөрт татварын бодлогыг томоохон бодлогын түвшинд тусгайлан тусгаад байгаа. Бусад намаас ялгарах нь бүсчилсэн хөгжлийн хүрээнд бүсийн ялгаатай болон шаталсан татварын эрхзүйн орчин бүрдүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөртөө онцолсон.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч Баруун бүст ажиллахдаа энэ тухайд нэр дэвшигч Батжаргалын Заяабалыг онцлон баруун бүсээс энэ ажлыг эхлүүлнэ гэж хэлсэн.
Тэгвэл бүсийн ялгаатай татварын орчин гэхээр юуг хэрхэн тусгасныг эхлээд харья.
Тухайлбал, бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан бизнесийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 5 хувь болон бууруулахаар тусгажээ.
Мөн бүсүүдийн тэргүүлэх чиглэл, онцлог нөөц, байршлын давуу талд тулгуурлан эдийн засгийн тусгай бүс байгуулах, одоо байгаа татваргүй чөлөөт бүсүүдийг бүрэн ашиглалтад оруулна. Бүс нутгийн эдийн засгийн төрөлжилтөд нийцсэн экспортын хөнгөн үйлдвэрийн кластер хөгжүүлж, орон нутгийн ажлын байрыг нэмэгдүүлнэ хэмээн тодорхой тусгасан байгаа юм.
УИХ-ын сонгуулийн 2 дугаар тойрогт буюу Баруун бүст МАН-аас Татварын ерөнхий газрын дарга асан Б.Заяабал нэр дэвшиж байгаа учраас иргэд илүүтэй татварын ялгаатай, шаталсан орчин, тэргүүлэх үйлдвэрлэл зэрэг асуудлыг сонирхож, уулзалтын үеэр асуулт илгээж байв.

Нэр дэвшигч Б.Заяабал “Ардын намын мөрийн хөтөлбөрт тусгасан хамгийн гол зүйл бол бүсчилсэн хөгжлийн бодлого. Тэр дундаа үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэмжих бодлого. Бүс болгонд мега төслүүд хэрэгжүүлэхээр тусгасан. Үүний үр дүнд Ховдын цементийн үйлдвэртэй адилхан том оврын гангийн үйлдвэрийг баруун бүс нутагт барьж байгуулна. Тэгвэл Баруун бүс нутагт барилгын арматуртай, цементтэй болно. Энэ нь Баруун бүс нутагт хөгжлийг авчрах боломжийг бий болгоно гэж харж байгаа.
Үйлдвэрлэлийг дэмжих санхүү, дэд бүтэц, зам тээврийн бодлогоос гадна хамгийн гол нь зах зээлийг нээх бодлого нь хамт явах ёстой Баруун бүс нь хоёр хөрштэйгээ хиллэдэг учраас чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажлыг хийж байгаа. Ингэснээр экспортын татварыг тэглэх, татварын бус хөнгөлөлт нэмж олгохоор ярилцсан” гэсэн хариулт өгсөн юм.















