Манай улс дотооддоо короновирусын халдвар алдаад 20 гаруй хонож байна. Хамгийн сүүлчийн мэдээллээр 672 иргэн короновирусын халдвар авсан талаар албаны эх сурвалж мэдээллээд байгаа. Гэтэл Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан халдвар авсан нэг хүнийг эмчлэхэд дундажаар найман сая төгрөг зарцуулж байгаагаа мэдэгдсэн. Энэ мөнгө улсын төсвөөс гарч байгаа.

ДЭМБ-ын мэдээллээр короновирусын халдварын эсрэг батлагдсан хамгаалах вакцин одоогоор байхгүй хэмээн мэдэгдээд байгаа бол НҮБ-аас ‘Хүний коронавирусээр үүсгэгдсэн өвчнүүдийн эсрэг тусгай эмчилгээ байхгүй байна. Хүний нийтлэг коронавирусийн халдвараар өвдсөн хүмүүсийн дийлэнхи нь ямар нэгэн эмчилгээгүйгээр өөрсдөө эдгэцгээдэг’ гэдгийг хэлээд байгаа. Тэдний зүгээс өөрт илэрч байгаа шинж тэмдгүүдийг хөнгөвчлөхийн тулд халуурахын эсрэг эм уух, хоолойны өвдөлт ба ханиалгыг намдаах зорилгоор өрөөндөө агаар чийгшүүлэгч хэрэглэх, халуун шүршүүрт орох, шингэн хангалттай сайн уух, гэртээ байж, сайн амрах, дархлаа нэмэгдүүлэх витамин уух зэрэг эмчилгээг зөвлөж буй.
Гэтэл Монгол улсын Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ямар учраас хүн тус бүр дээр найман сая төгрөгийн төсөв тооцоолж, эмчилгээ хийж байгаа нь таашгүй. Хүний биед орсон вирус, бактерийг шээсээр нь хөөх С-витамин ийм өндөр өртөгтэй байна гэж байхгүй. Энэ мөнгөө тэд эм, эмчилгээ, , тухайн эмчилгээг хийх явцад үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлс гэх мэт зардлууд нэмэгдээд дунджаар найман сан төгрөгийн зардал гарч байна гэв.
Хэрэв Эрүүл мэндийн яам өөрийн хариуцсан тусгаарлах эмнэлэг, сувилалдаа халдвар хамгаалалтын горимоо олон нийтэд мэдээлж байдаг шигээ хэрэгжүүлсэн бол өнөөдөр монголчууд бид улс даяараа хөл хорионд орж, 670 гаруй иргэд шинэ короновирус гэх дэлхий нийтийг цочроосон өвчин тусахгүй байлаа. Анхны тохиолдол Эрүүл мэндийн яамны үүрэг гүйцэтгэгч “Энхсаран” сувилалаас гарсан нь тодорхой болсон. Хэдэн хүн тус сувилалын нийтийн шүршүүрээс халдвар авсныг тус яам үнэн хэрэгтээ өөрсдөө ч тодорхойлж чадаагүй.
Тусгаарлагдах байранд иргэд өрөө өрөө хэсч хөзөр тоглосон, эмч эмнэлгийн ажилтнуудтайгаа нийлж архидсан гэх нүд бүлтгийлгэж, чих дэлдийлгэм гайхам явдлууд өнгөрсөн 10 сарын хугацаанд өчнөөн л сонсогдож байв. Ил гарсан нь энэ боловч далд цаана өөр ямар үйл явдал болсныг Эрүүл мэндийн яамныхан л мэдэх байх.
Бас болоогүй эмнэлгийн ажилтан эмч нараас нь энэхүү вирус илэрсэн нь тус яамны сайд хэр хариуцлагатай байж, ажлаа сайн хийв гэдэг нь харагдана.
Гэтэл Т.Мөнхсайхан сайд тэр бүх алдаагаа халдвар авсан иргэн, үүрэг гүйцэтгэгч ‘Энхсаран’-д нялзайгаад доор хүмүүстээ даавгавар өгч сошиалаар иргэдийг турхирч, сэвсээр байна. Алдааг хайж, хариуцлага нэхэе гэвэл ‘тэрбумтан’ Т.Мөнхсайхан сайдаас нэхмээр байна.
Короновирус түрийвчээ түнтийлгэх боломж биш Т.Мөнхсайхан сайд аа
Т.Мөнхсайхан сайд өөрийн алдаагаа ухамсарлахгүй энгийн иргэдийн татварын мөнгө буюу улсын төсвөөс халаасаа түлтийлгэхээ л бодож буй бололтой. Энэ хардлага нийгэмд яагаад төрөх болов?
Монгол Улсын гадаад өр 50.4 тэрбум ам.долларт хүрээд байна. Үүний 7.2 тэрбум нь Засгийн газрын өр. Энэ мөнгийг юунд зарцуулсан, үр дүнд хүрсэн нь тодорхойгүй байгаа ч Монгол Улсын иргэн бүр төлж барагдуулах нь гарцаагүй үнэн. Өнгөрсөн 10 сарын хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед гаднын орноос хандив тусламжаар их хэмжээний мөнгө орж ирсэн. Түүгээр цар тахлын үед ашиглах шаардлагатай зүйлсийг худалдан авч байгаа, ямар ч асуудалгүй гэж мэргэжилтнүүд иргэдийн амыг тагладаг.
Үнэн хэрэгтээ, Азийн хөгжлийн банкнаас (АХБ) гэхэд “Covid-19” цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах хөтөлбөрөөр 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, цар тахлын эсрэг бэлэн байдал болон хариу арга хэмжээг дэмжих зорилгоор “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл”-ийн хүрээнд 30 сая ам.долларын нэмэлт санхүүжилт өгсөн байдаг. Дээр дурдсан 30 сая ам.долларын зарим хэсгийг үр ашиггүй зарцуулах гэж байгаа байж болзошгүй хардлага байна.
Энэ талаар ХБНГУ-ын “Транслатум” анагаах ухааны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судалгааны багийн ахлагч, анагаах ухааны доктор Д.Нямбаяр “Бидний нэрийг барьж мөн “Covid-19”-ийг далимдуулж АХБ-наас авсан 30 сая ам.долларын зээлийг 2060 он гэхэд буцаан төлж дуусах ёстой учир, зарцуулалтад нь хяналт тавих эрх бид бүхэнд зүй ёсоор байгаа. Уг зээлээр 1.280 сая ам.долларын үнэтэй бүрэн автомат хаалттай системийн ПГУ төхөөрөмж болон түүнд хэрэглэгдэх оношлуурыг нийтдээ хоёр сая доллароор буюу зургаан тэрбум төгрөгөөр авах гээд байгаа тухай би асуудал дэвшүүлж байна. Уг зээлийн зарцуулалтыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал удирдаж байгаа. Тэрээр ажлын хэсгийн ахлагчийн хувьд гадаадаас өндөр үнээр оруулдаг оношлууруудаас бүх талаараа хэд дахин сайн гэдэг нь хөндлөнгийн хяналтаар баталгаажчихсан монгол эрдэмтдийнхээ бүтээсэн оношлуурыг хэрэглээнд оруулах асуудал дээр сэтгэл гаргаж эрчимтэй ажиллахын оронд, харин ч эсрэгээрээ ажлын хэсгийнхээ ажлыг төрөл бүрээр гацааж (ядаж л хурлаас бултаад одоо сар гаруй хугацаа өнгөрлөө) байгаад тэр хооронд нь АХБ-ны зээлээр дэлхийн хаана ч байхгүй тэнгэрт тулсан үнээр (зургаан тэрбум) манай улсад нэн тохиромжгүй бүрэн автомат төхөөрөмжийг, оношлууртай нь хамт авах гээд байсан юм биш үү гэсэн хардалт төрж байна” хэмээн цахим хуудаснаа бичиж байв.
Дээрх асуултад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан бүү хэл, албаны хүмүүс огт хариулт өгөөгүй. Аливаа зүйл хаалттай, нууцлагдмал байх тусам хардалт дагуулдаг нь жам. Тиймээс, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан та эрүүл мэндийн салбарт зарцуулагдаж байгаа зээл, тусламжийн зарцуулалтыг ил тод болгох, хардлага дагуулж буй олон асуултад тодорхой хариулт өгөх шаардлагатай байна.
COVID-19-ТЭЙ ХОЛБООТОЙГООР МОНГОЛ УЛСАД ҮЗҮҮЛЖ БУЙ ЗЭЭЛ, ТУСЛАМЖ
• Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын зээл– Богино хугацаанд хэлэлцээр хийж, УИХ-аар соёрхон батлуулснаар 2020 оны тавдугаар сарын 12-нд Төрийн санд хүлээн авсан.
• АХБ “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр”-5 төслийн хүрээнд 30 сая ам.долларын нэмэлт санхүүжилт олгов– Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 480 мянган ам.долларын хамтарсан санхүүжилтийг уг төсөлд олгосон.
• ОУВС-гаас 99 сая ам.долларын зээл– Энэ оны зургадугаар сарын 8-нд хүлээн авсан.
• Европын холбооноос буцалтгүй тусламж болох 50.8 сая евро буюу 59.7 сая ам доллар- 2020-2024 онд буюу дөрвөн жилийн хугацаанд нийт 50.8 сая еврог буцалтгүй тусламжаар төсвийн дэмжлэг хэлбэрээр хүлээж авахаас 2020 онд 16 сая евро буюу 18 сая ам.доллар хүлээж авна. Хараахан орж ирээгүй байгаа.
• Дэлхийн банкнаас 26.9 сая ам.доллар- Энэ оны дөрөвдүгээр сарын 9-нд Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Ингэснээр Хан-Уул дүүрэгт байрлах 300 ортой төрөх эмнэлэг, АШУҮИС-ийн дэргэдэх сургалтын эмнэлэг, Улсын Гуравдугаар төв эмнэлэг болон Нийслэлийн есөн дүүргийн нэгдсэн эмнэлэг, орон нутаг дахь нэгдсэн эмнэлгүүдийг 1000 орчим нэр төрлийн 11 500 гаруй тоног төхөөрөмжөөр хангаж, 1000 ортой эмнэлэг дэлгэн ажиллуулах боломж бүрдэх юм. Төслийн хүрээнд тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн худалдан авалтыг Дэлхийн банкны журмын дагуу Эрүүл мэндийн яам зохион байгуулах бөгөөд санхүүжилт нь тоног төхөөрөмж нийлүүлэгч компани руу Дэлхийн банкнаас тухай бүрт шилжинэ.
• Японы Засгийн газраас 1.2 тэрбум иен буюу есөн сая 319 мянган ам.доллар- Энэ оны зургадугаар сарын 17-нд хоёр өөр тусламжийн нот бичигт гарын үсэг зурсан. Эхний нэг тэрбум иенийг “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламж” хэлбэрээр буюу “Covid-19” цар тахалтай тэмцэхэд зориулан эмнэлгийн машин болон эмчилгээний аппарат, тоног төхөөрөмж, хэрэгсэл Япон Улсаас нийлүүлнэ. Эдгээрийг худалдан авах, тээвэрлэх, нийлүүлэх ажлыг JICS (Japan International Cooperation System) байгууллага шууд хариуцан гүйцэтгэх бөгөөд санхүүжилт нь Япон Улс дотроо шууд шилжинэ. Мөн 249 сая иенийг Япон Улсын их, дээд сургуулиудад Монгол Улсаас иргэдийг сургахад “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд буцалтгүй тусламж хэлбэрээр зарцуулна.
• -АНУ-ын Элчин сайдын яамнаас 1.2 сая ам.доллар- Энэ оны гуравдугаар сарын 24-ний өдөр АНУ-ын Засгийн газар Covid-19 халдварын эсрэг тэмцэхэд зориулж Засгийн газарт 1.2 сая ам. доллар буюу 3.3 тэрбум гаруй төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Энэ дэмжлэгийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар (ОУХА) дамжуулан Эрүүл мэндийн яам, Монгол дахь ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн санд халдвараас сэргийлэх болон халдварын үеийн хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр олгоно.
• НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрөөс 200 мянган ам.долларын зээл тусламж- ҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь НҮБ-ын системийн байгууллагын хувьд ДЭМБ-тай нягт хамтран ажиллаж байгаа. НҮБ-ын системийн байгууллагууд УОК, ОБЕГ, ЭМЯ-тайCovid-19 цар тахлын нөхцөл байдал үүссэн үеээс эхлэн шуурхай хамтран ажиллаж төрөл бүрийн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хэрэгсэл нийлүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх чадавхийг бэхжүүлэх хүрээнд дээрх тусламжийг үзүүлжээ?
Ажилтнуудынх нь 70-80 хувь нь салбараас төрсөн тэрбумтэн сайд Т.Мөнхсайхан гэж хэн бэ?
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 37-хон насандаа салбараа тэргүүлж эхэлсэн.
1983 онд төрсөн тэрээр 2006 онд АШУИС-ийг их эмчээр төгсч, 2006 оноос ГССҮТ-д гэмтэл согог судлалын их эмчээр ажиллаж байгаад 2016 онд ГССҮТ-ийн ерөнхий захирал болсон. Тухайн үед халаа сэлгээ хийлээ, хамт олныг бужигнууллаа гэсэн яриа мэр сэр гарч байсан гэдэг. Эмнэлгийн салбарын эмч нар нь ч, эмнэлгийн байгуулага нь ч өр зээлнээс салдаггүй, бараг 70-80 хувь нь цалингийн зээлтэй амьдардаг гэх судалгаа бий.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы жилийн орлого, хадгаламж, үл хөдлөх хөрөнгө гээд бүгд тэрбумаар тоологдож, үнэлэгдэнэ. Ганцхан жишээ дурдахад тэр 2018 онд буюу нэгдүгээр төв эмнэлгийн захирлын албанд очихоос өмнө жилийн долоон тэрбум төгрөгийн орлого олсон байдаг. Тэрбээр гурван орон сууц, нэг автозогсоол, хүлэмжийн газартай. Эдгээр нь дөрвөн тэрбум 447 сая төгрөгөөр үнэлэгддэг, хадгаламждаа таван тэрбум төгрөгтэй. Тэрээр Тэнгэрийн шонхор ХХК, Хүчит шонхор ХХК-иудад хувь, эзэмшдэг гэсэн.













