Иргэд банкны, ипотекийн зээлийг хойшлуулах шийдвэр гаргасанд иргэд талархалтай байна. Гэтэл банкууд зээлээ хойшлуулж болно, гэхдээ хойшлуулсан хугацааны хүү хуримтлагдана гэж анхаарууллаа. Ингэхээр иргэд зээлээ 7-р сарын 1 хүртэл хойшлуулсанд баярлаад байх хэрэг байхгүй бололтой. Ямар нэгэн аргаар өрөөсөн чихээ тайраад ч болов цагт нь л төлөхгүй бол эргээд бөөн хүүний дарамтанд унаж таарахаар байна. Арилжааны банкуудыг Монгол Улсын засгийн газар удирдаж зааварлаж дийлэхээ байжээ.

УИХ-н чуулган дээр Монгол банкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нар банкуудтайгаа тохиролцоод бүх төрлийн зээл, хүүг хойшлуулж ард түмэндээ том тус хүргэж байгаа гэж ойлгосон хүмүүст ёстой л итгэл рүү нь ус цацсан явдал боллоо. Банкны эздүүд ийм том эрх мэдэлтэй болсон юмуу Засгийн газар нь хүчгүйдээд байна уу гэж гайхаад баршгүй. Эцсийн дүндээ ард түмэн л хохирох нь тодорхой. Шүдгүй арслан шиг нэг шийдвэр яриад түүнийг нь мөнгө хүүлж ард түмнээ мөлжөөд сурчихсан банкны эдүүд эсэргүүцээд л явдаг тогтолцоог өөрчлөх ёстой. Монгол банкны ерөнхийлөгч хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг нэг талаас Засгийн газраас ямар нэгэн аргаар ипотекийн болон зээлийн төлөлтийг хойшлуул, хүүг тэглэ даалгавар өгөөд байхад Монголын банкны удирдлагууд зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж болно хүүгийн тэглэлтийг зөвшөөрвөл банкууд дампуурна гээд гэдийгээд суучихаар байгаа бололтой.

Эцэст нь хэлэхэд улс орон хүнд хэцүү байгаа цагт хамгийн өндөр ашиг олдог, тэнгэр банагдсан өндөр өндөр барилгуудтай банкууд нэг ч гэсэн удаа эх оронч шийдвэр гаргаж ард түмнийхээ нурууг тэнийлгэж болдоггүй юм байх даа. Монголын ард түмэн үгүйрэн хоосровол мянган банк байгаад оройтсон хэрэг болох бишүү.













