Монгол улсын vе vеийн Еpөнхийлөгчид өөр өөрийн араншинтай. Багабанди гуай ч ‘Титэм үг’-ээс бөөндсөн шиг Оюу-Толгой гэж дундаршгүй их баялагтай газарт зөвлөх хийж жилд хэдэн зуун саяар нь хадгаламжаа нэмээд л тайван суух аж, Анхны ерөнхийлөгч Очирбат гуай ч ‘Тэнгэрийн цаг’ компани нь Монголын уул уурхайд томоохон байр суурь эзлэх болтлоо томорч чадсан. Харин ерөнхийлөгчид маань чимээгүй амраад, үр ач нартайгаа жаргаад сууж чаддаггүйгээрээ бүгд ижил. Ямартай ч ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг мэдэхтэйгээ болсон.
Улс төрд хамгийн идэвхитэй тоглогчид нь Н.Энхбаяр, нөгөө нь Ц.Элбэгдорж хоёр яах аргагүй мөн. Шүүхэд дуудагдана, элдэв хэрэгт шалгагдана. Сонгуулиар бужигнуулна. Үр хүүхдээ сойж барина. Ам дуугай, үйлдэл далд байдаггүй хоёр хүн. Мэдээж ийм хүнд цаг үед олон түмэнд харагдаж үзэгдээд явж байхгүй бол болохгүй гээд саяхан нэг кино нээлтэн дээр эрхэм Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр эхнэрийн хамт зочилж харагдана лээ. Харин удаах Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хувьд угийн сошиал, твиттерт идэвхтэй хүн болоод ч тэрүү үзэл бодол, үг хэлээ дорхноо илэрхийлчихдэг талтай.

Энэ удаад тэрээр ‘Вакцин олоод ир гээд үүрэг өгвөл явахад бэлэн. Европ, Америк, Япон, ДЭМБ, НҮБ, ДБ, АХБ гээд хэсэхэд ганзага хоосонгүй л ирэх байх’ хэмээв. Зарим нэг нөхөд үүнийг нь доог, тохуу маягаар элдэвлэж цаад зорилго, сэтгэлийг нь мушгиж улстөр хийж байна гэж харлуулах санаатай байх шиг байгаа юм. Аливаа зүйл үнэнд л гүйцэгдэнэ. Хэрэв зээ Элбэгдорж ерөнхийлөгч асанг явуулаад үзэхэд Монголчууд бидэнд алдах юм байхгүй. Тэрээр хааны алба халаатайн үлгэрээр бүрэн эрхэт хугацаандаа амжин АСЕМ-г Монголд зохион байгуулж дэлхийн улстөрийн удирдагчдийг эх орондоо цуглуулж чадсан. Тэр хэдэн хоногт Монгол улсыг дэлхий бүгд анхаарч байсныг сануулах нь илүүц бизээ.

Тэр эх орноо, ард түмнээ л бодож ингэж хэллээ гэж зарим нэг хүн дэмжиж харагдана лээ. Ямартай ч Элбэгдорж төрийн тэргүүн 8 жил сайн муугаараа дуудуулж хийсэн. Тэрээр Монгол улсыг олон улсын түвшинд тодорхой хэмжээгээр гаргаж ирэх дээр ажиллаж байсан нөлөөтэй улстөрч. Өөрөө ард түмнийхээ төлөө зүтгэж, зорьж яваад цар тахлын эсрэг вакциныг хамгийн богино хугацаанд, хамгийн бага зардлаар аваад ирвэл олон хүний амь насыг аварсан сайхан л үйлс болох байх. Хориглоод, улстөржүүлээд байх шаадлага алга. Өөрөө олоод ирж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа хүнийг томилоод явуулсан ч буруудахгүй л байх.













