Цар тахлыг дотооддоо алдсан Монгол Улс хатуу хөл хорионы дэглэмд шилжлээ. Ингэснээр иргэдийн амьдралд багагүй бэрхшээл үүсэж, эдийн засгийн хувьд тогтворгүй байдал бий болох нь ч ойлгомжтой болсон.
Эв нэгдэлтэй байхыг эрхэмлээрэй хэмээн төр засгаас сануулж, анхааруулж байгаа ч иргэдийн амьжиргаанд санхүүгийн болон хоол, хүнс, эм тарианы нэн шаардлага үүсвэл хэрхэн зохицуулах вэ. Үүнийг өнөөдрийн /2020.11.18/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэхээр тогтоод байсан ч Ерөнхийлөгч тэднээс өрсөж өчигдөр /2020.11.17/ гэнэт санал гаргасан. Ингэхдээ өрх бүрд 800 мянган төгрөгийн хоол, хүнс, 200 мянгган төгрөгийг дансаар шилжүүлэх тухай байв.
Гэвч Засгийн газар үүнийг нь хүлээн авахаас татгалзсан. Учир нь цар тахал нэг сарын хугацаатай өрнөх үйл явц биш учраас хүлээн авах боломжгүй хэмээжээ. Засгийн газрын толгой дээр иргэдийн НДШ, ипотек болон бусад зээл, ААН-үүдийн үйл ажиллагаа зэргийг зохицуулах бүхий л шийдлийг олж, шийдвэрийг гаргах нь шаардлага үүссэн. Энэ нь ч тодорхой байсан. Мэдээж үүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэж, тооцоолсон нь гарцаагүй. Өөрийнх нь саналаар бол үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг өрхүүдэд олгосноор үйлдвэрлэгчид рүү 900 тэрбум төгрөгийн нийлүүлэлт хийгдэх ёстой байв.
Товчхондоо Ерөнхийлөгчийн сонгуулийн буухиа эхэлж, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын өрсөлдөөн улам бүр ширүүснэ гэсэн үг. Яг энэ өрсөлдөөн цаашид ч үргэлжилнэ. Харин иргэдийн эрүүл мэнд, амь наснаас л холуур байгаасай. Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын үед өөрийгөө ‘од’ болгож тод харагдуулах, Засгийн газрыг булай болгох тактик нь иргэдийн эрүүл мэнд л биш байгаасай.













