Эрдэнэт, Дарханы УОК гудамж талбай, эмнэлэг сургуулиа ариутган угаасан байна. Хамгийн сайн үлгэр жишээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ бол энэ.
Түүгээр ч зогсохгүй мах ногооны ченжүүд айл бүрт хүргэлт хийж байна. Дэлгүүрийн ажилтнууд мөнгөө дансаар авч захьсан хоол хүнсийг нь гэрийн үүдэнд нь тавиад буцаж байгаа үзэгдэв. Зээл ч өгсөн гэнэ. Төвөг хүндрэл багатай, стрессгүй эмх цэгцтэй хөл хорио тогтоосон тухай иргэдийн яриаг үзэв. Хэнтий аймагт оройн 18 цаг гэхэд нэг машин гудамжинд үзэгдэхгүй байна гэнэ. Иргэд ухамсартай байна, төр засгийн шийдвэрийг давуулан биелүүлж байгааг анзаарч харлаа. Эрдэнэт, Дарханы хөл хориог удирдлагууд сайн зохион байгуулсан байна. Энэ л ялалтын үндэс юм.

Хотын Сонгинохайрхан дүүрэгт ч гэсэн хөл хориог сайн зохион байгуулж чаджээ. Хүнсний дэлгүүрүүдээ хүнстэй байлгах, иргэд ойрхноос хүнсээ татах тал дээр анхаарч байгаа аж. Энэ зохион байгуулалтаа эвдэлгүй явахад ялалт ойрхон, ажиллахад амар байх болно.













