Нүүдэлчин Монголын ард түмэн өнө эртнээс өөр хоорондоо үгийн сайхнаар мэндчилж, аливаа ажил үйлсийг нь бүтэмжтэй байхыг ерөөн, бэлгэ дэмбэрлийн үгээр биесийнхээ сэтгэлийг цайлгадаг уламжлалтай байж ирсэн. Харамсалтай нь энэ цаг үед ардын сайхан заншил мартагдаж, бэлгэ дэмбэрлийн өлзийтэй сайхан үгс хэлэлцэх нь бүү хэл монгол үгээ мартаж гадаад үгсээр ярилцаж харилцдаг болжээ.
Хуучин цагийн Монголчууд үйл хөдлөл бүртээ бэлгэтэй сайхан үгс, ерөөл магтаал, цацал, даллага, мялаалга хэлж амны бэлгээс ашдын бэлгэ хэмээн хэлэлцэж байлаа. Үүний учрыг тайлбаас ам хэлээрээ сайхан үгс өгүүлбээс ашид хойчид тэр хүний заяа тавилан бадарч, сайн сайхан амьдрах бэлгэдлийг ерөөж, зааж өгч байгаа гэж ойлгож болно.
Сайн сайхан үгс хүн хэмээгч оюун ухаантанд ямархан нөлөөтэй байдгийг өдгөө сэтгэлзүйн шинжлэх ухаанаас авахуулаад олон салбарын шинжлэх ухаанд баталчихсан байгаа. Хайртай хүмүүсээсээ өглөөд нэг сайхан үг сонсоод гэрээсээ гарахад, ажлын эхлэл дээрээ нэг сайхан урмын үгс хамт олноосоо сонсоход тэр өдөртөө тухайн хүний ажил үйлс бүтэмжтэй, сэтгэл санаа өндөр явдгийг хүн бүхэн мэдэх учиртай. Харин бэлгэгүй муу үгс, хараал зүхлийн үгс нэг сонсоодохвол цээжин дээр бул хар чулуу дарсан мэт зүдэргээнтэй, сэтгэлд сэвтэй явдаг нь бий.
‘Цар тахал дотооддоо алдлаа, хэцүүдлээ, сүйд боллоо, олон хоног хорио цээрийн нөхцөлд байвал амьдрал сүйрнэ’ гэцгээж байна. Гэтэл бид чинь дотооддоо 240,000 тонн гурил үйлдвэрлэдэг, 70 сая гаруй малтай, 1 сая гаруй литр сүү нөөцөлж чаддаг, хүнсний ногооныхоо 90 гаруй хувийг дотоодоосоо хангачихдаг баян шүү дээ. Энэ айхтар цар тахалыг адууны мах, чацаргана, аарц гээд л амин дэмээр баялаг үндэсний хоол, хүнсээ хэрэглээд л гэр гэртээ байхад ажрахгүй даваад гарчихна. Амны бэлгээр болог ээ.













