Хэдхэн сарын өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ядууралтай, тусламж байнга авдаг Монгол улсыг Коронавирусийг дотоодоо алдаагүй цөөхөн орон хэмээн магтаж байв. Бид ч гэсэн ингээд туулчихлаа, гайгүй л юм байна хэмээн бодож эхэлсэн. Энэ бүхэн дээр УИХ-ын сонгууль нэрмээс болж бүгд маскгүйгээр явцгааж эхэлснээс гадна “Бид яллаа” гэсэн далд омогшил явж байлаа.
Үүний дараагаар гадаадад гацсан гэх иргэд, тэднийг хөөргөдөх улс төрийн хүчнүүд “Дотоодоо алдаагүй юм чинь монголчуудаа чөлөөтэй оруул, хилээ нээ” хэмээн орилж байв. Бүр онцгой дэглэмийн 21 хоногоо 14 болго хэмээн улс төрийн акци хийж байлаа. Орон нутгийн сонгуулиар онцгой дэглэм энэ тэрээ бүгд алдаад зогсохгүй Тусгаарлах байрууд ч хяналтаас гарсан.
Тэнд apхи оруулдаг болсон, хорионд байгаа нөхдүүд нийлээд хөзөр тоглож эхэлсэн байдаг юм. Төр засаг, ард иргэд гэлтгүй хяналтаа сулруулж боломж хүлээж байсан Ковид-19 тавтай морилов бололтой. Нэгэнт ороод ирсэн гай гамшгийн буруутанг хайхаасаа өмнө хэрхэн амьд үлдэхээ бодох хэрэгтэй.
Тэр ДЭМБ-ын магтаал ийнхүү үр дүнгээ өгсөнгүй ээ. Нэн түрүүнд Шадар сайд Я.Содбаатар, 1,3 сая хүн амтай хотын дарга Д.Сумъяабазар нар ард иргэдээ хэрхэн хамгаалах, ямар төлөвлөгөөтэй ажиллах гэдгээ зарлах цаг болсон.
Цар тахлын үеэр улс орнууд алдаатай оноотой ч төлөвлөгөөтэй ажилласан байдаг юм. АНУ, Герман,Англи зэрэг улсууд эрдэмтэн мэргэд дээрээ тулгуурласан төлөвлөгөө гаргасан. Ерөнхийдөө мөнгөө төлөөд гарчихна. Аль нэг улсад вакцин гарангуут аваад хэрэглэнэ гэсэн тоомжиргүй байдлаас үүдэн эдийн засгаа нэгдүгээрт тавьсан.
Хятад, Солонгос, Япон зэрэг улсууд эрдэм шинжилгээ, хорио цээрийн дэглэмд тулгуурлан даван туулах гэж чармайж байна. Манай дарга нар 10 сар үүд хавиар эргэлдсэн Коронавирусийг орж ирэхгүй мэт бодоод төлөвлөгөө гаргасангүй ээ. Хамгийн наад захын хэрэгцээ болдог амны хаалтаас эхлээд цус, эм тариа, уушигны аппаратаа одоо санаж байх жишээтэй.
Уушигны аппарат, Эрдэнэт үйлдвэрийн вискинээс илүү эм хэрэгсэл, хэвтэх ороо бэлдсэн үү. Энэ цар тахал бол “дайн”. Яг ийм үе, нөхцөлд удирдагч нар улс орон, ард иргэдээ авч гардаг. Яг К.Жуков шиг фронт командлагч шиг эрс шийдэмгий удирдагчид шиг ажиллах хэрэгтэй. Хорио цээрийн дэглэмийг ядахдаа Д.Сарангэрэл шиг бариулах хэрэгтэй болж ирсэн гэдгийг ухаар.
Хорио цээрийн дэглэмээс илүү ядуурал, ажилгүйдэл, өлсгөлөн нүүрлэвэл яах вэ. Шилжүүлэн нүүлгэх ажил гарвал яах вэ гэдгээ бодсон уу эрхэм дарга нараа. Нэг тийм төлөвлөгөөгүй, чиг баримжаагүй нөхдүүд хий хуралдаад 11 цагийн хэвлэлийн хуралдаа бэлдээд суух юм. Нэгэнт ороод ирсэн дайсантай тулахаас өөр гарцгүй болсон тул ард түмэндээ төлөвлөгөөгөө танилцуулах хэрэгтэй.
Бүр хаанаас хүнсээ авах, яаж явах, ажил амьдралаа хэрхэн зохицуулах дурэм журмаа гаргаж өг. Түүний дараа торгох, шийтгэх асуудлаа ярь. Мэдээж дарга цэрэггүй ядарч байгаа чинь ойлгож байна. Гэхдээ та нарт ухрах эрх байхгүй учир эрдэмтэн мэргэд, гадаадын туршлага энэ тэрээс судла. Энэ цар тахал хэдэн жилээр үргэлжлэх юм шиг ажлаа төлөвлө, тулаад ирсэн гай гамшгийг туулаад гарахаас өөр гарц үгүйг мэд.













