Явган хүний зам дээр автомашинаа байршуулсан бол зөрчлийн тухай хуулиар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000 төгрөгөөр торгох зохицуулалт үйлчилдэг. Тэгвэл иргэд жолоочдын энэ буруу үйлдлийг баримтжуулан авч “E Police” аплейкшн рүү илгээснээр торгуулийн мөнгөн дүнгийн 20 хувийг авах боломж бүрдсэн байна.
Энэ нь иргэн та илрүүлэн мэдээлсэн зөрчил бүрээсээ 4000 төгрөгийг авна гэсэн үг юм. Иргэд энэхүү мэдээллийг өгснөөс хойш торгууль төлөгдсөн тохиолдолд дансанд нь мөнгө орж ирэх аж.
Тэгвэл тус аппликэйшнийг 40,300 хүн татаж авч, бүртгүүлсэн төдийгүй өдөрт иргэдээс зам тээврийн зөрчлийн талаар 1,100-1,200 гаруй мэдээлэл ирдэг хэдий ч 500-600 нь л баталгааждаг талаар ТЦА-ны Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсээс мэдээлж байв. Харин өчигдрийн байдлаар 4,200 зөрчлийн мэдээлэл ирж тус аплейкшн ихээхэн эрэлттэй байгаа ажээ. Чухамдаа бол иргэд нэгнийгээ матаж хэдэн бор цаас олж буй явдал нь олзуурхууштай байгаа бололтой.














