Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүгээсээ хагацсан өндөр настай эхэд Хятадын Гуанжоу хотын шүүх саяхан өршөөл үзүүлжээ. 83 настай Хуан эмгэн 46 настай хүүдээ өнгөрсөн 5-р сарын 9-нд 60 ширхэг нойрны э.м өгч амийг нь хөнөөсөн юм байна. Маргааш нь тэр цагдаад өөрөө очиж буруугаа хүлээсэн бөгөөд 9-р сард түүний шүүх хурал болж, өндөр настан яагаад хүүгийнхээ амийг бүрэлгэх болсноо шүүгч нарт тайлбарласны дараа түүнийг ялаас чөлөөлсөн байна.

Хуан эмгэн ‘Миний нас өндөр болж, бие муудсан тул хүүгээсээ түрүүлж үхэхээс айсан. Надаас хойш түүнийг арчлах хүн байхгүй болно’ гэж ярьжээ. Яагаад гэр бүлийнхээ хэн нэгэнд даатгаж болоогүйг асуухад тэр өөрийн хүнд ачааг бусдад үүрүүлэхийг хүсээгүй гэсэн ба ‘Би түүнийг төрүүлж, зовлонг нь ч өөрөө бий болгосон тул бусдад асруулахаар үлдээж чадаагүй юм.Түүний зовлонт амьдралыг дуусгах нь одоо байгаа дээрээ нэмж зовохоос дээр гэж үзсэн’ гээд ‘Тэр бол миний хүү, Би хэзээ ч түүнийгээ гадуурхаж, муугаар бодож байгаагүй. Гэвч сүүлийн хоёр жилд миний бие эрс доройтсон тул ингэхээр шийдсэн юм’ гэж тайлбарлажээ.

Хуан эмгэний хүү төрөлхийн бие бялдрын болон сэтгэцийн дутуу хөгжилтэй төрсөн тул ярьж, явж, өөрийгөө арчилж чаддаггүй байсан ба жилээс жилд эмгэний эрүүл мэнд нь улам муудаж байсан тул илүү их асаргаа шаарддаг болсон аж. Хүмүүс түүнд хүүгээ асрамжийн газар өгөхийг зөвлөдөг ч өөрөөс нь өөр хүн илүү асарна гэж төсөөлдөггүй байсан гэнэ. Хуан эмгэн 47 насандаа тэтгэвэртээ гарч зөвхөн хүүгээ асарч тойлоход бүх цагаа зарцуулах болсон ба түүний том хүү болон төрөл төрөгсөд нь Хуан эмгэнийг хагас зуун жил зовлонт хүүгийнхээ төлөө амьдарсныг гэрчилсэн байна. Ингээд эцэст нь шүүх Хуан эмгэнд гурван жилийн тэнсэн харгалзах ял оноох шийдвэр гаргаж шүүгч түүнийг хуулиас гадуур үйлдэл хийсэн ч өршөөгдөх эрхтэй хүн гэж дүгнэсэн ба ‘Бусдыг үзэн ядах үндэслэлээр биш, хайрласан сэтгэлээр хүний амийг хөнөөжээ. Гэхдээ амьдрах эрх бол хүний хамгийн чухал эрх. Хэн ч, түүн дотроо эцэг эх нь ч энэ эрхийг хязгаарлаж болохгүй’ гэж шүүгч дүгнэлтэндээ хэлжээ… Үхтэл үр харам гэдэг үгийг баталсан эл үйлдэл танд нэгийг бодогдуулж байгаа байх. Эхийн хайр ийм аугаа ажээ.













