Ард түмний хайртай дуучин, зохиолын дууны ‘xаан’ гэгдэж олноо хүндлэгддэг дуучин бол Самандын Жавхлан. 2016 оны сонгуулиар БЗД-т хамгийн өрсөлдөөнтэй тойргоос УИХ-д цойлж гарсан улс төрч. Төрийн ордонд дөрвөн жил үндэсний дээлийг сурталчилсан дуучин маань анх урлагийн гал тогоонд орохдоо бусад дуучидаа манлайлан зохиолын дууны салбарыг олонд хүлээн зөвшөөрүүлэхэд их ажил хийсэн. Чухам түүний үед л олон олон дуучид ээлж дараалан тоглолтоо хийж, амьдрал ахуй нь ч цэгцэрсэн гэхэд болно. Үеийнхэн нь түүнд ч хүндэтгэлтэй ханддаг юм билээ. ‘Донж’ төвийн Төгөлдөр хэмээх нууцлаг хүнтэй ах дүүс болж түүний хэлсэн замаар явсан нь түүнийг ийм их амжилтанд хүргэсэн хэмээн тэрээр байнга ярьдаг. Пи-ар тал дээр тэр маш ухаалаг явсан нь багшийн зөвлөгөө яах аргагүй мөн гэж ойрын хүрээнийхэн нь баталдаг аж.

Гэнэт л нэг өдөр Монгол угсаатан түмний эв нэгдэл, уламжлалт дээл хувцасаа дээдлэх гээд л тэрээр үзэл бодол, амьдралын хэв маяг нь өөрчлөгдсөн. Үг үйлдэл хоёр нь ч зөрөөгүй тул ард түмний хайрыг улам татах болжээ. Дуулсан дуу болгон нь хит болдог цөөхөн дуучны нэг бол Жавхлан. Бүх сүүлдээ түүний талаар ‘эхнэрээ араг түшүүлж төрүүлдэг. Төрөх эмнэлэгт ердөө ч очиж байгаагүй’ хэмээх хошин яриа гарахав дээ. Тэрээр анх 2013 оны 3 р сарын 7, 8-нд Улаанбаатар хотод эхлэлийг нь тавьж Монгол туургатан дөрвөн улсад (Буриад, Халимаг, Тува, Өвөр-монгол) улсын үеийн дуучдыг нэгтгэн бүрэн хэмжээний бие даасан тоглолтыг 12 удаа хийж, 2 цомог, 5 нэвтрүүлэг гаргаж томоохон төсөл хэрэгжүүлж байлаа.

Монгол улсын түмэн олон, дэлхийгээр тархан сууж байгаа Монгол хүн бүрийн бахархалыг төрүүлсэн ‘Хамаг Монгол’ төсөлд Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Чингис хаан одон гардуулахаар болжээ. Уг төсөл нь дэлхийгээр тархан суусан Монгол үндэстэн бүрийг оюун санаа, ёс заншил, урлагаар нэгтгэсэн, соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлж, орхигдсон өв соёлуудыг сэргээсэн, туургатан улсуудыг нэгэнд нь таниулсан, сурталчилсан зэрэг олон талын ач холбогдолтой цар хүрээ агуулга өндөртэй төсөл байсныг хүн бүр хүлээн зөвшөөрөх байх.

