Монгол улсын эдийн засаг хөгжиж байна гэж ярьж байгаа ч амьжиргааны түвшин доогуур айл өрхүүд өдрөөс өдөрт олширч байгаа бодит дүн гарчээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахалын улмаас улс орны эдийн засаг хямарч, бүсээ чангалж эхлээд байна. Тун саяхан Сонгинохайрхан дүүргийн 35-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Н-ийн гэрт байсан дөрвөн настай хүүхдийг түр хамгаалах байранд шилжүүлжээ.
Мэргэжлтнүүд гэр хорооллын айл өрхүүд түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэхэд шалгалт хийж, галын аюулаас сэргийлэх зөвлөгөө өгөхөөр тухайн айлд хоёр өдөр дараалан очсон байна. Ингэхэд дөрвөн настай эмэгтэй хүүхэд газарт хэвтсэн, орчиндоо харьцах чадваргүй, бээрсэн байдалтай байжээ. Тэдний хэлж буйгаар хоёр хоног дараалан очиход түүнийг харж харгалзах хүн байхгүй байсан бөгөөд хоол идээгүй өлссөн байдалтай байжээ.
Иймд Онцгой байдлын албаны алба хаагчид охиныг хүүхдийн тусламжийн утас 108-д мэдэгдэж, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Охин жингийн их хэмжээний дутагдалтай, биеийн олон хэсгээр шарх сорви үүссэн байсан нь хүчирхийллийн ул мөр гэж үзэж байгаа аж.













