Киви хамтлаг түр хугацаагаар тарж тэдэн дундаасаа ганцаараа уран бүтээлээ үргэлжүүлж тэсрэлт хийсэн бүтээлүүдийг ар араас нь гаргаж эхэлсэн хөдөлмөр дуучин бол Ука. Энтертайнмент салбарын хүн гэдгээ олонд харуулж чадсан уран бүтээлч бүсгүйн гаргасан дуу, клип болгон амжилтанд хүрч буйн нууц нь байнгын эрэл хайгуул хийж цаг үеэ мэдэрч чаддагтай нь холбоотой.

Өнөөдөр Ука 38 нас хүрч байгаа бөгөөд түүний уран бүтээл, хөдөлмөрийг үнэлж төрийн хүндэт шагнал болох Алтангадас одонгоор шагнажээ. Байдаг л нэг шагнал, хэн ч авч болно гэж зарим нэгэн хүн уцаарлаж болох ч нүдээ олсон шагнал гэж байдаг. Ука багын нь л урлагийн хүн болохыг хүсдэг байсан. Цэцэрлэгт байхдаа шалныхаа модыг хөгжим болгон барьчихаад дуулж бүжиглэдэг байсан тэрбээр Нийслэлийн 44 дүгээр сургуулийг төгссөн аж. Ямар ч юмханаар өөрийгөө болгодог Ука наймдугаар ангид байхдаа өргөн өмд олдохгүй болохоор нь аавынхаа өмдийг өмсөөд сургууль руугаа явжээ. Мода дагадаг Укаг өргөн өмдтэй сургууль руу оруулахгүй болохоор сургуулийн үүд хүртэл өмсөөд, завсарлагаанаар дахиад л өмсчихдөг байсан гэдэг. Ука орчуулагч мэргэжилтэй гэнэ. Дуучин Ангирмаа Киви хамтлагийг анх продюсерлаж хамтлагын гишүүн, ахлагчаар Укаг урьснаар түүний урлагийн зам эхэлжээ.


Түүнийг шаргал үсгүйгээр төсөөлөхийн аргагүй. Түүний төрөлхийн үс нь бор өнгөтэй ч арав гаруй жил алтан шаргал өнгөөр үсээ будаж байгаа гэнэ. Укаг эрлийз гэж олон хүн боддог. Гэвч тэр гадны ямар ч цус байхгүй монгол хүн. Түүний аав Даваа Увс аймгийнх, харин ээж Заманд Хөвсгөл аймгийнх. Укагийн ээж удган бөгөөд Монголын ‘Зөн билгийн тулаан’ нэвтрүүлгийн ялагчаар тодорч олны анхаарлыг татаж байсан нэгэн билээ. Арван хуруундаа алтан бөгж эрийлгэсэн тэрбээр үүнийгээ өөрийнх нь имидж гэж тайлбарлажээ.
Ука далан дээрээ зүрхэн, гэдсэн дээрээ хятад ханзан шивээстэй. Түүний хятад ханзан шивээс тэнгэр, газар, шороо хэмээх утгыг илэрхийлдэг бол жинхэнэ үүрэг нь дуучин бүсгүйн олгойны хагалгаанаас үлдсэн том гэгч сорвийг догь гэгч нь нууцалдагт оршино. Этгээд гэдгээрээ алдаршсан тэрбээр фэнийхээ өгзөг дээр гарын үсэг зурсан анхны монгол дуучин. Хөл бөмбөгийн тэмцээний үеэр Укаг харсан хөрслөг бор залуу өгзөг дээрээ гарын үсгийг нь зуруулахыг хүсчээ. Ука гарын үсгээ зурж байхад залуу өгзгөө чангалсан нь түүнд хөгжилтэй санагджээ. Эелдэг Укагийн ачаар фэн залуу мөрийний 500 мянган төгрөгтэй, өгзөг дээрээ Укагийн гарын үсэгтэй болжээ.
Укаг ганган хүүхэн гэдэг. Түүний дуртай брэнд Channel, Gucci. Тайзан дээр гарахдаа Christian Dior Cherry-г түрхдэг. Халуухан Укагийн дотуур хувцасны сонголтод үргэлж Calvin Klein багтдаг ажээ.













