Монголчууд төдийгүй дэлхийн нийтээрээ цар тахалын үеийг хэрхэн хохирол багатай, сүйрчихгүйхэн давах вэ? гэж ухаанаа уралдуулж байна. Хилээ хаах, хөл хорио тогтоох гээд олон л арга хэрэглэж байх шиг байна. Зарим нэг орон бүр энэ их гамшигийг дийлэхээ байлаа гээд хоёр гараа өргөж ч байна. Монголчууд л гэж тэнэгийн дотор уужуу гэдэг шиг төсөв дээрээ хэзээ ч баригдахгүй барилгыг хэдэн тэрбумаар нь батлуулах гэх мэт идэж уух, өөрсдийнхөө түрийвчийг түнтийлгэж л байвал улс орон дампуурах нь огт хамаагүй мэт увайгүй аашлах нь өрөвдмөөр ч юм шиг. Угтаа бол дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал Монголд огт хамаагүй гэж маанагтаж байхын оронд нэг жил тэр хэрэггүй олон хөрөнгө оруулалт, тансаглал, идэж уултаасаа татгалзаж эх оронч зан гаргаад улс орныхоо эдийн засгийг авраад үлдчихвэл цаашдаа ард түмний амьдрал хэвийн үргэлжлэх нь гарцаагүй юм.
Манай төр засгийнхан бүх хүндрэл хэцүү асуудлыг хойд талын хар овоохой гэсэн шиг цар тахалд чихчихээд нүдэн балай чихэн дүлий байх санаа цухалзаад эхэллээ. Үүнийг эсэргүүцэж УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэдэн гашуун боловч үнэн үг чулуудлаа. Түүний хэлснээр ‘гадаад валютын нийлүүлэлтийг нэмье. Валют орж ирдэг компаниудад хулгай нүүрлэсэн. Экспорт, импортын бодлогоо зөв болгоё. Бүх алдаагаа цар тахал руу чихэхээ зогсоож бодлогоо өөрчлөх цаг болсон. Монголбанкны арилжааны банкнуудад өгдөг жилийн хүү 500 тэрбум төгрөг болсон. Энэ бол ноцтой алдаа. Үүнийг яаралтай засах хэрэгтэй’ гэсэн нь ёстой шархан дээр давс үрэхтэй адил сонсогдов бололтой олон эрх бүхий хүмүүс түүн рүү элдвээр дайрч давшилж байгааг харахад арьсаа л хамгаалж үлдэх сонирхолтой ямар олон дарга нар төр засгийг удирдаж байна даа гэж халагламаар санагдлаа.













