АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг дэлхий даяараа амьсгаа даран ажиглаж байна. Дэлхийн эдийн засгийн гол тоглогч, удирдагч орны тэргүүний сонгууль яахын аргагүй дэлхийн анхаарлыг татах нь зүйн хэрэг. Монголчууд бид л хаа тэр холын АНУ-ын ерөнхийлөгчөөр хэн сонгогдох нь бидэнд юуны хамаатай вэ. Илүү зан байгаа даа гэж нүүдэлчин сэтгэлгээгээрээ хандаж суугаа нь эмгэнэлтэй хэрэг. АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдох хүний хандлага, тэдний ярьж хэлж буйг дэлхий нийт ажиглах ёстойн нэг жишээг энд дуулгахгүй бол болохгүй нь. Монголын эдийн засгийн гол аврал бол нүүрсний экспорт гэдэг нь маргашгүй үнэн. Тэгвэл Жо Байдены байр суурь Монгол айл өрх бүрийн хувь заяанд нөлөөлнө гэж та ухаараагүй л болов уу. Учир нь түүний байр суурь бол манай өмнөд хөршид үзүүлж байсан өмнөх ерөнхийлөгч Дональд Трампийн байр суурийн эсрэг буюу тэдэнд найрсаг Монголчуудад харш бодлогыг хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгджээ.
Ардчилсан намын нэр дэвшигч Жой Байден одоогоор 264 электорал санал цуглуулаад байгаа юм. Үндсэндээ түүний хувьд энэ удаагийн сонгуульд ялалт байгуулах нь тодорхой болоод байна. Тэрээр одоо ердөө зургаан төлөөлөгчийн саналыг нэмж аваад л 270 электорал саналд хүрч, АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч болох болзлоо хангах юм. Хэрэв Жой Байден 588 мянган санал авсан байдалтай 49.3 хувиар тэргүүлж байгаа Невадад ялалт байгуулсан тохиолдолд тус мужийн зургаан төлөөлөгч түүнд санал өгөх нь гарцаагүй. Тиймээс тэрээр Цагаан ордныг ирэх дөрвөн жил удирдах эрхээ бараг халааслаад байна гэж ойлгож болох юм.
Хэрэв Жой Байден АНУ-ын Ерөнхийлөгч болсон тохиолдолд 2035 он гэхэд Америк орныг нүүрстөрөгчийн ялгаралгүй улс болгохоо мэдэгдсэн. Энэ нь нүүрсний экспортоос ихээхэн хамааралтай манай улсын эдийн засагт тийм ч сайн мэдээ биш гэдэг нь ойлгомжтой бөгөөд тэрээр Монгол Улсын нүүрсний экспортын эсрэг хүчтэй бодлого хэрэгжүүлэх төлөвтэй байгаа юм.
Жой Байден АНУ-ын дэд Ерөнхийлөгчийн хувиар 2011 оны наймдугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийж, тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзах үеэрээ ‘Монгол Улс бол ардчиллын хөгжил нь гялалзаж байгаа жишээ юм’ гэж байжээ.

Тэрээр энэхүү айлчлалынхаа хүрээнд ОХУ, БНХАУ гэх авторитар их гүрнүүдийн дунд орших стратегийн байрлалтай, ардчиллын баян бүрд болсон манай улсын хөгжлийн хүчин чармайлтыг сайшаагаад, манай ашиглагдаагүй асар их байгалийн баялгийг ашиглахад дэмжлэг үзүүлэхийг санал болгож байсан удаатай. Тухайн үед дэлхийн хэвлэлүүд Жой Байден Оюутолгойн ‘Хувь нийлүүлэгчдийн гэрээ’ байгуулагдсаны дараахан, Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн уурхайн үйл ажиллагааг дөнгөж эрчимжүүлж эхлээд байсан үед Улаанбаатарт зочилсон явдалд нэлээд ач холбогдол өгч, онцолж байжээ.

Тэрээр айлчлалынхаа үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Монгол Улсын ахиц дэвшилд сэтгэл тун өндөр байгааг Монгол Улсын төрийн тэргүүнд уламжлаад ‘АНУ Монголын ард түмэнд илүү сайн ирээдүйг бүтээн байгуулахад туслах чин эрмэлзэлтэй хэвээр байна. Монголчууд олон улсын энх тайван, аюулгүй байдалд оруулсан хувь нэмрийг Америкчууд биширдэг бөгөөд өндрөөр үнэлдэг’ хэмээсэн байдаг. Харин АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жой Байдены аяллыг тохиолдуулан тухайн үед Монголын ард түмнээс түүнд морь бэлэглэж байсан бөгөөд тэрээр уг мориндоо ‘Celtic’ гэх нэр хайрлаж байсан түүхтэй.
Тэгвэл Жой Байден 2020 оны хоёрдугаар сард Лас Вегас хотноо болсон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах Ардчилсан намын сунгаанд өрсөлдөгчдийн халз мэтгэлцээнд оролцох үеэрээ ‘БНХАУ Бүс ба зам санаачилгын хүрээнд ихэвчлэн Монголоос импортолсон дэлхийн хамгийн бохир нүүрсийг дэлхийн өнцөг булан бүрт тарааж байна. Энэ бол маш тодорхой зүйл. Би АНУ-ын Ерөнхийлөгч болбол эхний 100 хоногтоо тэднийг Вашингтонд дуудаж, хэрвээ эдийн засгийг бууруулж байгаа энэхүү нүүрсний наймааг үргэлжлүүлсэн тохиолдолд дэлхийн бусад улс орнууд та нарын зарж борлуулж буй бүх зүйлд татвар ногдуулна. Энэ нь маш хүнд үр дагаварт хүргэж болзошгүй гэдгийг маш тодорхой ойлгуулна’ гэсэн байна. Өөрөөр хэлбэл тэрээр Ерөнхийлөгч болсон эхний 100 хоногтоо багтаан Монголын нүүрсний экспортой хариуцлага ярих аж.

