Улсын төсөв 2 их наяд төгрөгний алдагдалтай явж байна. Цар тахалын үеэр авч хэрэгжүүлж буй онцгой арга хэмжээ гэж юм бүрийг хойд талын хар овоохой гэгчээр чихээд өөрсдөө нэр цэвэр гарна гэвэл тэрэн шиг үлгэр байхгүй. Хамгийн гол нь улс орны эдийн засаг ганцхан нүүрс, зэс гэх мэт уул уурхайн экспортоос шалтгаалж элгээрээ хэвтэх, үлгэн салган үлдэх нь хамаарч буй өнөө цагт хэрхэн яаж хохирол багатай энэ дэлхийг хамарсан хямралыг давах вэ гэдэг нь төрийн түшээдийн толгойны өвчин болоод байна.
Сангийн сайд маань өмнөх АН-ынхны тарьсан гайг бид чадлаараа л засч залруулж явна. Асар их өр төлөх хүнд нөхцөлийг бид 50 хувь бууруулж чадлаа хэмээн ‘гал унтраагч’ шиг л зүйл ярьж сууна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хэлэлцүүлэг, асуулга явагдаж л байна. Гол нь төр засгийн удирдлагууд маань Монголын урдаа барьдаг эдийн засагчидтайгаа нүүр нүүрээ харан сууж байгаад хамгийн зөв, оновчтой аргыг гаргаж ирэн түргэн шуурхай арга хэмжээ авахгүй бол өнөө л дураараа төсвийг захиран зарцуулдаг улсын төсвийг бүрдүүлдэг ганц саалийн үнээ болон ГОК-оо өдөр шөнөгүй цөлмөсөөр байна.
Энэ дунд нэгэн улс төрчийн саналыг онцолмоор байгаа юм. УИХ-н гишүүн Пүрэвдоржийн хэлж буйгаар ‘Энэ жил онцын шаардлагагүй хөрөнгө оруулалтаа нэг жил түр царцааж жижиг дунд үйлдвэрлэлдээ хөрөнгө оруулбал бид хямралыг давж чадна. Тэртээ тэргүй гарын салаагаар урсаад өнгөрдөг тэр их мөнгөөрөө сум, аймаг, дүүрэгт баялаг бүтээдэг үйлдвэр бариад авчихвал дор бүрнээ ажлын байртай, орлоготой болж төрөөс халамж хүсч, групп, тэтгэвэрийн мөнгө харж суух биш ажил төрлөө эрхлээд ард түмэн чинь аяндаа өөрсдийгөө аваад явчихна. Нэг жишээ дурьдахад 10 жилийн өмнө шөрмөсөө гэмтээд түр хугацаанд группэд орж байсан тамирчин залуу одоо хэр нь тэр мөнгөө улсаас аваад явж байх жишээтэй. Нэг айлын 5 хүнээс 4 нь тэтгэвэр, групп, хоолны талон авч байгаа нь халамж дэндүү хавтгайрч байгааг харуулаад байна’ гэлээ.













