Эрдэнэт хүний амь аварна гэдэг бол хамгийн үнэлж баршгүй гавьяа юм. Төрд тангараг өргөсөн албан хаагчид амь биеэ үл хайрхан бусдын төлөө зүтгэж явдагийг иргэд тэр бүр мэддэггүй. Болж бүтэхгүй зүйлийг л нийгэм илүү хурц тод анзаараад, түүгээр амьсгалан элдвээр цууран, хэлэлцэж ам дамжин ярьдаг энэ бараан цаг үед гэгээлэг бүхэн тэгсгээд дарагдаад өнгөрдөг. Сайн үйлсийг, гэгээлэг зүйлс ховор болсон энэ цаг үед ойрд сонсогдоогүй нэгэн эрэлхэг, баатарлаг үйлсийг нэгэн цагдаагийн албан хаагч бүтээснийг дуулгая.
Үйл явдал Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд болсон бөгөөд. Сумын төвөөс 42 км зайд байдаг ‘Үүрийн гол’ хэмээх газарт 3 машинд нутгийн 26 иргэн усанд урсаж, амь нас нь үрэгдэх аюулд орсон тухай шуурхай мэдээг тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Г.Ширэндэв хүлээн авч нутгийн иргэдийн хамт цаг алдалгүй түргэн шуурхай очсон байна. Голын ус нилдээ хөлдөөгүй байсан тул голд хаашаа ч хөдлөх боломжгүй болсон автшмашины дүүрэн хүмүүсийг уснаас татаж гарган, иргэдийн амь насыг аварчээ.
Хүний амь насыг аварлаа гээд шагшин магтаад өнгөрөлгүй улс орон холбогдох удирдах байгууллагууд энэхүү эрэлхэг үйлстэн гавьатнуудыг хэрхэн шагнаж урамшуулах нь тодорхойгүй байна. Улсын наадамд түрүүлсэн бөхөө хэдэн зуун сая төгрөгөөр үнэлэгдэх машин, хэдэн өрөө байраар мялаадаг тэр Монголын томоохон компаниуд энэ хүмүүсийг урамшуулаад өгвөл олон түмэн баярлах л байх даа. Мөн төр засаг ч зүгээр өнгөрөхгүй байлгүй дээ гэж хүлээсэн иргэд цөөнгүй байгаа биз ээ.













