Цар тахлын халдварын үед эдийн засгийг дэмжих хүрээнд Монгол улсын Засгийн газраас иргэд болон ААН-үүдийг 2020.04.01-нээс 10.01-нийг хүртэл Нийгмийн даатгалын шимтгэл болон орлогын албан татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан. Гэтэл зарим Аж ахуйн нэгж, иргэд уг шийдвэрт эрүүл мэндийн даатгалыг мөн хамруулан буруу ойлгосноос үүдэн ЭМД-ын сангийн орлого тасалдаад байгаа ажээ.
Энэ талаар ЭМД-ын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Гийхнарангаас тодруулахад ‘Цар тахалын халдварын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай хуулийн хүрээнд тодорхой хугацаанд зөвхөн НДШ-ээс чөлөөлсөн. Үүнийг зарим ААН буруу ойлгосноос болоос ЭМД-ын шимтгэлээ төлөхгүй байгаа. Үүнээс үүдэн 2020.09 сарын байдлаар ААН, даатгуулагчдаас орох шимтгэл 57.6 тэрбумаар тасраад байна. Есдүгээр сарын 30-ны байдлаар ЭМД-ын санд 380.4 тэрбум төгрөг орж ирэх ёстой байсан ч 322 тэрбум төгрөг төвлөрсөн. ЭМД-д ажил олгогч 2%, ажилтан 2%-ийн шимтгэл төлөх ёстой бөгөөд зарим ААН зөрүүтэй ойлголттой байгаагаас шалтгаалаад эдгээр шимтгэлээ төлөхгүй, өр үүсээд яваад байгааг зайлшгүй нөхөн төлөх шаардлагатай. Монгол Улсын иргэн албан журмаар эрүүл мэндийн даатгалд хамрагдах ёстой’ гэдгийг хэллээ.













