Хүн дандаа уул өөдөө өгсөнө гэж юу байхав хааяа бас бартаа таарч уруудах үе байдаг. Тэрний үлгэрээр Монголдоо төдийгүй дэлхийд гайхагддаг Японы мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга асан, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Асашорюү Д.Дагвадорж ойрд жаахан барцадтай байна. Учир нь түүний 13 жилийн өмнө хувьчилж авсан Монгол улсын цирктэй холбоотой маргаан ёстой л нэг шуугиан тарьж байна. Дэлхийд эхний 5-д эрэмблэгддэг Монгол улсын циркчид хуучин муу нурж унах шахсан газарт бэлтгэл, сургуулилтаа хийж байна, хэрэв шударга ёс улс орон удирдлагатай л юм бол Циркчдэд өөрсдийнх нь байрыг эргүүлэн өг хэмээн олны эсэргүүцэл хуурай өвсөнд гарсан түймэр лугаа ассан.
Түүний төрсөн ах нь орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсаны шагнал болох Нийслэлийн Захирагч болж буй энэ цаг үе дор Циркийн хувьчлалын асуудал хүнд сэдэв байсан нь лавтай. Ах нь хотын дарга болж байгаа юм хойно Циркчдэд өөрсдийнх нь байр очих лөөлөө боллоо гэж олон түмэн хардаж, дайрч эхэлсэн.
Дайран дээр нь давс гэгчээр Аса аварга Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Япон-Монголын хамтын ажиллагаа хариуцсан бие төлөөлөгч гэх сэтэртэй байснаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгсөнөө үүнтэй давцхан мэдэгдлээ. Тэрбээр 2017 онд дээрх албан үүргийг хүлээн авч, спорт, соёлын хамтын ажиллагаагаар дамжуулан хоёр талын харилцааг бэхжүүлэхэдгар бие оролцож байсан юм. Д.Дагвадорж аварга маань өөрийн цахим хуудаснаа энэ тухай бичихдээ ‘Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон Улс хариуцсан бие төлөөлөгчөөс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгааг үүгээр мэдэгдэж байна. ЕТГ-ын нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсэн ерөөе’ гэжээ. Ямартай ч их аваргыг тойрсон элдэв дуулиан шуугиан үүгээр зогсохгүй нь лавтай. 2021 онд Монгол улсын дараагийн ерөнхийлөгчийг тодруулах сонгууль болно. Үүнийг угтаад томоохон улстөрчдийн өрсөлдөөн улам ширүүсч буй цагт хэл ам таталж эхэлсэн зөвлөхөөсөө Ерөнхийлөгч маань зайгаа авлаа ч гэж хардах хүмүүс гараад байна.













