Вьетнам улсын Ханой хотод Швед жуулчдыг дээрэмдсэн найман монгол хүнийг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж, баривчилсан талаар өмнө нь мэдээлсэн.
Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа тул Вьетнамын хэвлэлээр шинэ агуулга бүхий мэдээлэл гарахгүй байгаа юм. Тэгвэл Монгол иргэдийг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж буй Вьетнам улс дипломат ёсоор манай талтай холбоо бариагүй байна.
Харин Вьетнам улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас хэрэгт холбогдон, саатуулагдсан монгол иргэдтэйгээ уулзах хүсэлтийг Ханой хотын цагдаагийн байгууллагад гаргажээ. Гэвч одоогоор хариу өгөөгүй байгаа гэнэ. Гадаад харилцааны яамнаас энэ асуудлаар тодруулахад “Тухайн иргэдтэй холбоо тогтоох, хэргийн явц ямар байгаа талаар мэдээлэл авахаар ажиллаж байна” гэлээ.
Түүнчлэн цахим орчинд “Гадаадад монгол иргэн ял авлаа” гэсэн утгатай худал мэдээллүүд олширч буйг онцлов. Эргэн сануулахад, Вьетнам дахь найман монгол иргэн энэ сарын 3-нд швед жуулчдын түрийвчийг хулгайлсан талаар гадаадын хэвлэлд мэдээлсэн юм. Түрийвчинд АТМ карт, зээлийн карт зэрэг цөөнгүй бичиг баримт байсан. Тэдний картыг ашиглан 1.05 тэрбум дон /Вьетнамын валют/ татсан.
Харин уг мөнгөөрөө Тран Тиен худалдааны төвөөс үнэт эдлэл худалдан авч, түүнийгээ өөр алтны дэлгүүрт 21 мянган ам.доллараар зарсан байна. Үүнийхээ дараа Хо Ши Мин хот руу нисэх онгоцны тийз худалдан аваад байжээ.
Тэд бүлэглэж ийм төрлийн гэмт хэрэг үйлддэг бөгөөд гурав нь гадаа байршилд харуулын үүрэг гүйцэтгэдэг гэж Вьетнамын хэвлэлд мэдээлсэн байна. Цагдаа нар тэднийг саатуулаад 20,100 ам.доллар, алт болон бусад үнэт эдлэл хурааж авсан юм.
Г.САНСАРМАА













