2020 оны орон нутгийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр эд дундаа өрнөж байна. Харин санал хураалт ирэх долоо хоногийн Пүрэв гарагт буюу энэ сарын 15 ны өдөр болно. Энэ удаагийн сонгуульд Монголын 30 жилийн улс төрийн түүхэнд байгаагүй нэг шийдвэр гарсан байна.
АН, МАХН, ШИНЭ нам хамтарч, тус сонгуульд орж байна. Иймд АН-ын зарим нэр дэвшигчдийн тойрогт МАХН-ын дарга Н.Энхбаяр очиж, тэдэнтэй хамт гудамж, талбайд алхаж, иргэдтэй уулзаж байгаа ажээ. Тухайлбал, тэрээр энэ долоо хоногт Баянгол дүүрэгт очиж, АН-аас тус дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцож байгаа нэр дэвшигчидтэй хамт иргэдтэй уулзжээ.
Түүний энэхүү үйлдлийг зарим иргэд Н.Энхбаяр ирээдүйд АН-д зүтгэнэ гэж зүүдэлж байсан болов уу гэж хошигнож байна.
Сонирхуулахад, УИХ-ын 2020 оны сонгуульд АН ялагдал хүлээсэн тул тус намын дарга С.Эрдэнэ үүрэгт ажлаа Ц.Туваанд түр шилжүүлээд байгаа билээ. Харин Ц.Тувааныг АН-ыг түр удирдахад Ерөнхийлөгч Х.Баттулга нөлөөлсөн гэж үзэж буй. Иймд саяхан АН-ын зарим гишүүд хэвлэлийн хурал хийж “АН-д нэг хүний дарангуйлал тогтоож. МАХН-ыг дэмж хэмээж байна. АН-ын гишүүд нэг хүнийг дагаж үзэл бодлоосоо урвахгүй” гэж мэдэгдсэн билээ.













