БЗД-ийн дөрөвдүгээр хорооны засаг дарга Б.Бадамгарав хэвлэлд ярилцлага өгсөн нь олныг талцуулаад байгаа билээ. Ярилцлагын үеэр тэрбээр “100 мянган төгрөг өгье” гэсэн нь зарим хүмүүсийн шүүмжлэлийг дагуулсан бол “Хэвлэл ёс зүйгүй хандлаа. Ярилцагчаа хүндэлсэнгүй” гэж буй хүн ч цөөнгүй. Энэ асуудлын улмаас ажлаа өгсөн Б.Бадамгараваас зарим зүйлийг тодрууллаа.
-Таныг өчигдрийн өгсөн ярилцлагаасаа болж ажлаа өгсөн гэж сонслоо. Үнэн үү?
-Үнэн. н.Анужин гээд бүтэн өнчин охин манай хороонд байдаг. “Ulsturch” сайтын сэтгүүлч “Энэ охины талаар танай хорооноос ямар ажил хийж байна. Мэдээлэл авах гэсэн юм” гээд манай хороон дээр ирсэн. Хорооны үндсэн үүрэг төрийн үйлчилгээг анхан шатанд нь үнэн зөв, түргэн шуурхай үзүүлэх, төр иргэнийг холбох.
Тухайн охины асуудлыг би анхнаасаа мэдэж байсан. Тиймээс би энэ өвөл нүүрс, бүх юмыг нь зохицуулж өгсөн. Шинэ жилээр гутал хувцас, цагаан сараар бууз, баншийг нь хүртэл өгсөн. Төрийн албан хаагч учраас надад хувийн бизнес байхгүй. Өөрөөсөө таван төгрөг илүүчилж хувцас хунар хүртэл аваачиж өгсөн. Дүүг нь цэцэрлэгт оруулж, Анужинг дөрвөн жил дээд сургуульд үнэ төлбөргүй сургах асуудлыг шийдсэн.
Мөн газартай болгоно гэх асуудлыг Улстөрч.мн сайтынхантай ярьж байсан. Тус сайтын сэтгүүлч манай ажил дээр ирэхэд нь “Өнөөдөр битгий шууд лайв хий. Нийгмийн халамжийн дарга, мэргэжилтэнтэйгээ хамтдаа, цэгцтэй мэдээлэл өгье” гэж хэлсэн. Шууд дамжуулж байгааг нь мэдээгүй. Тэр завсраа л би тийм үгийн алдаа гаргасан. Гэтэл таслаад л хамаагүй оруулчихсан байна. Би бурхан биш шүү дээ. Хүн алдаа гаргадаг. Би муу юм хийгээгүй. Манай хороо төсөвгүй.
Өвөлжин бүх зүйлийг нь зохицуулж энэ тэндгүй гүйсэн. Үүнийхээ төлөө би нийгэмд ад шоо болж байна. Сэтгэгдлүүд нь үнэхээр хэцүү байгаа биз дээ. Би чинь хүн шүү дээ. Надад хэцүү байна. “Би анх удаа ярилцлага өгч байна. Больчих. Маргааш цэгцтэй мэдээлэл өгье” гэсэн чинь “Бензин тос гээд хэцүү байна. Ярилцлагаа одоо өгчих” гэсэн. Тэгэхээр нь “Маргааш ирэхэд чинь эгч нь бензин тосных нь мөнгийг өгчихье” гэсэн. Тэгсэн чинь “100 мянган төгрөг өгөх гэлээ” гэж мэдээлсэнд нь гомдолтой байна.
-Камерын ард юу болов?
Бичлэг хийхээ болиоч гэж гуйхад. Камераа унтраасан гэж надад хэлсэн. Камерын ард юу ярьсан гэхээр Анужин охины талаар бүгдээрээ сарын дараа 20 минутын нэвтрүүлэг бэлдье . Энэ нэвтрүүлэг дээрээ хийсэн ажлуудаа ярья гэж ярьж байсан юм. Би хууль бус зүйл хийчихээд тэрийгээ нуух гэж 100 мянган төгрөг өгье гэж хэлээгүй. Тусалсан хийсэн ажил надад байгаа шүү дээ. Тухайн хүүхдэд төрөөс өгөх ёстой бүх тусламж халамж үйлчилгээг хүргэсэн.
Гэтэл ингээд л буруутан болж нийгэмд ад шоо үзэгдэж байна. Гэхдээ сэтгүүлчийн ёс зүй гэж байх ёстой биз дээ. Би хүн шүү дээ. Өчигдөр дүүргээс дуудаж би ажлаа өгсөн. Энэ миний амьдрал байсан байхгүй юу. Хоёр нялх хүүхэдтэй хүн шүү дээ. Яг үнэнийг хэлэхэд эгч нь ямар нэг муу юм хийгээгүй. Муу юм хийгээгүй хэрнээ нийгэмд ад шүү үзэгдэх нь надад хэцүү байна. Ажилгүй болсон. Нэр хүндээ алдлаа, нийгэмд чичлүүлж байна. Одоо надад юу ч байхгүй. Одоо хэн ч надад итгэхгүй гэхээс айж байна. Сандарч, сэтгэл санаагаар унааад хэцүү байна. Ингээд би бүх юмаараа хохироод л дууслаа. Нэг сэтгүүлчийн ёс зүйгүй байдлаас болж миний амьдрал орвонгоороо эргэлээ.
Live хийсэн сэтгүүлчийн буруугаас болж хороон дарга ажилгүй болсон гэв үү?

Live хийсэн сэтгүүлч, хэвлэлийн байгууллагын буруугаас хорооны дарга бүсгүй ажилгүй болсон байна Үүнийг янз бүрээр л дүгнэж, шүүмжилж байх шиг. Гэхдээ ийм live, мэдээлэл шинэ бөгөөд анхных биш лдээ. Нэг хэвлэлийн хурал санаанд бууж байна.
Хурлын үеэр мэдээлэл өгч байсан субъект сэтгүүлчдийн асуултад эхнээс нь хариулт өгөөд явж байтал нэг сайтын сэтгүүлч маань “Та хариулаач” хэмээн 2, 3 удаа хашгираад байж билээ. Шууд дамжуулалт хийж байсан бусад сэтгүүлч, операторууд бухимдаж, өнөөх сэтгүүлчид өөрсдөө шаардлага тавьж харагдсан. Өөрсдөө үлгэрлэж, ёсзүйтэй байх учиртай сэтгүүлчид энэ мэт алдаа гаргах нь бишгүй л байна. Дайчин чанарыг бүдүүлэг хандлагатай хольж сольмооргүйг хэлчихмээр санагддаг. Зарим нь ямар ч баримтгүй, зүгээр л үгийн муухайгаар хүнийг доромжлох нь энүүхэнд харагдах болсон доо. Сэтгүүлчид өөрсдөдөө шүүмжлэлтэй хандаж эхэлсэн нь сэтгүүл зүй эрүүлжих эхлэл гэж санагдаж л байна
.
. 

