Монголд анх удаа үнэт металл, үнэт чулуугаар бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, урлагч, гоёл чимэглэлийн худалдаа эрхлэгч албан байгууллага, иргэд нэг дор чуулсан “Mongolian jewellery & Metal expo-2022” үнэт эдлэлийн үзэсгэлэнг энэ сарын 15-18-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулсан юм.
Үзэсгэлэнгийн үеэр шилэн хоргонд байрлуулсан алтан гулдмайг 15 настай сурагч хүү Даянбатын Тэмүүлэн хоргоноос гаргаж чаджээ.
Гарын хүч, эв дүйгээ харуулж, багахан зайгаар 20 кг жинтэй алтан гулдмайг гаргасан түүнтэй цөөн хором ярилцав.
Д.Тэмүүлэн фэйсбүүкээс ийм төрлийн бичлэг үзсэн нь түүний сонирхлыг татдаг байсан ба өнгөрсөн баасан гаригт хичээлээ тараад, ээжтэйгээ хамт “Мишээл экспо” дахь үзэсгэлэнг сонирхохын сацуу өөрийгөө сорихыг хүссэн байна.
Тэрбээр “Алтыг жижиг зайгаар гаргахад хэцүү байсан. Маш хүнд, шилэн хоргоны нүх нь жижигхэн болохоор гар бүтэн орохгүй байсан. Гэхдээ хэдэн удаа оролдсоны эцэст гаргаж чадсан. Гарын эв дүй их хэрэгтэй юм билээ” хэмээн сонирхуулав.
Үзэсгэлэнгийн үеэр шилэн хоргоноос алтыг гаргасан тохиолдолд 100 мянган төгрөгийн үнэтэй 10 ширхэг сугалаа өгөхөөр зохион байгуулсан байжээ.
Д.Тэмүүлэн ирээдүйд удам залгасан бөх болохоор жүдо бөхийн спортоор хичээллэж байгаагаа бидэнд мөн сонирхуулсан юм.













