Зохиолч яруу найрагч Г.Аюурзана дараах постыг оруулжээ.
“Монгол судлалын домог болсон их эрдэмтэн Хар Дорж буюу Кара Дьерд гуай 87 сүүдэртэйдээ maaлал төгсчээ. Алдарт Бямбын Ринчений хүргэн энэ хүн “Монгол нүүдэлчдийн номууд (Монгол бичиг үсгийн долоон зуун)” хэмээх алдарт бүтээлээ тэртээ 1972 онд хэвлүүлж байсан гээд бодоход домог байхаас ч аргагүй.

Монголчуудын бичиг үсгийн түүхийг Табгач, Хятанаас эхлэн судалсан, монгол хэлийг төгс төгөлдөр эзэмшсэн энэ аутаа эрдэмтэнтэй М.Саруул-Эрдэнэ андын буянаар (2006 онд Индианагийн их сургууль дахь албан өрөөнд нь зочилж) богинохон зуур хөөрөлдөхдөө зарим хүнтэй арвантаа хоринтоо уулзаад ч дууламгүй сонин сайхныг сонсон биширч билээ.
Монголын ард түмэнд, монголчуудын соёл уламжлалд чин зүрхнээсээ хайртай явсныг тань бид үүрд хүндэтгэн дурсах болно оо!”













