Мэдээллийн эх сурвалж zarig.mn сайтын бэлтгэсэн дараах сурвалжлагыг та бүхэнд хүргье.
“Тансаг хэрэглээ гэж хиам, талх, гурилан боорцогийг л хэлнэ” хэмээн ярих энэ хүнийг Ж.Лхагвасүрэн гэдэг. Тэрбээр эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Ж.Лхагвасүрэнгийн тухайд группт байдаг бөгөөд нуруу намхан гэх шалтгаанаар ажилд авдаггүй байна.
Мөн түүний эхнэр Д.Зулгэрэл харааны бэрхшээлтэй бөгөөд цэвэрлэгчийн ажил ч тэдэнд олддоггүй байна. Ажилд орж, ар гэрээ тэжээхийн тулд олон байгууллагын хаалгыг татаж, хөлийнхөө ул эргэтэл хайжээ.
Тэд сард групп 288 мянган төгрөг авдаг, мөн хүүхдийн мөнгө ч авдаг. Хүүхдийн мөнгөө, группийн мөнгөө ойр байрлах дэлгүүртээ барьцаалж урьдчилан зээлж хүнсээ бэлддэг байна.
Ж.Лхагвасүрэнгийнх өнөөдөр хүнсгүй болсон. Энэ үед нөхөр нь архины шил лааз цуглуулж өдрийнхөө хоолыг зохицуулдаг. Өдөржин цуглуулж тушаасан лаазны 6000 гаруй төгрөг болдог.
Ж.Лхагвасүрэн, Д.Зулгэрэл нарт баталгаатай ажлын байр хэрэгтэй. Тэд цэвэрлэгчийн ажлыг ч голохгүй сэтгэлээрээ хийнэ хэмээн ярьж байлаа. Гэр бүлийн хоёр хүний нэг нь харааны бэрхшээлтэй, нөгөө нь нуруу намхан гэх шалтгаанаар ажил олддоггүй.

Тэд ажил хийж байж амжиргаа нь дээрдэж бас хүүхдүүддээ дуртай зүйлийг нь лааз цуглуулж авах шаардлаггүй болох юм.













