Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар захирамж гаргаж ая тухтай дэлгүүрүүд 24 цагаар ажиллах боломжийг нээжээ.
Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал “Жижиглэн худалдааны стандарт хамгийн сүүлд 2019 онд шинэчлэгдсэн. Үүнд нэмэлтээр ая тухтай дэлгүүрийн стандарт нэмэгдэж орсон байгаа. Энэ стандартын 4.2.4-т ая тухтай дэлгүүрийн стандартыг тодорхой заасан бий.
Нийслэлийн хэмжээнд зургаан дүүргийн төвийн байршилд нийт 283 ая тухтай дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна. Ая тухтай гэхээр GS-25, CU зэргийг ойлгож болохгүй. Тухайлбал “Сансар”, “Номин”, “Миний дэлгүүр” энэ стандартыг нэвтрүүлээд байгаа. Тэгэхээр ая тухтай дэлгүүрийн стандарт, шаардлагыг хангасан аж ахуйн нэгжүүд өөрийн ажлын байран дээр 24 цагаар үйл ажиллагаа явуулах эрх нь нээлттэй байгаа” гэв.
Харин Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Ая тухтай дэлгүүр зориулалтын байртай бол 24 цагаар ажиллана. Бусад орон сууц барилга дотор, нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг бол 00:00 цаг хүртэл ажиллах боломжтой” гэж тодотголоо.
Жижиглэн худалдааны стандарт 4.2.4 Ая тухтай дэлгүүр
Өдөр тутмын эрэлттэй хүнсний болон ахуйн хэрэглээний барааг өөртөө үйлчлэх хэлбэрээр худалдах, энэ стандартын 4.30-т заасан шаардлагыг хангасан түргэн хоолны үйлчилгээний хэсэгтэй дэлгүүр
Тайлбар: Түргэн хоолны үйлчилгээний хэсгийн талбайн хэмжээ нь худалдааны танхимын талбайн 20 хувиас хэтрэхгүй байна.













