“Exclusive“ компанийн Г.Майцэцэг УИХ-ын гишүүн асан Г.Уянгыг нэг тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд үлээгээд гадагшаа явсан гэвүү ?

“Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг гадаад орон руу зорчихоор Чингис хаан нисэх буудалд очиход нь, “түүнд мэдэгдэлгүй ШШГЕГ-аас хилийн хориг тавьсан” байсан талаар тэрбээр мэдэгдэж байсан.

Тэгвэл түүнийг хилийн хоригийг түр цуцалж, тэрбээр өчигдөр /2022.01.26/ гадны улсыг зорьсон байна.

Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа “АМЖИЛТТАЙ сайн яваад ирнээ… Урам хайрын үгээ харамгүй хайрлаж, дэмжсэн бүх хүмүүст чин сэтгэлээсээ БАЯРЛАЛАА… Олон хүний ИТГЭЛийг тээж явж байгаа гэдгээ улам их ухамсарлаж байна. Г.Уянга миний найз амар тайван байгаарай, чи минь хэдэн зуун тэрбумаас илүү үнэ цэнэтэй бүсгүй учраас ганц тэрбумын барьцаанд хаяж орхихгүй, тун удахгүй сайхан мэдээтэй уулзацгаана гэдэгт итгэлтэй байна… БАЯРЛАЛАА сошлийн хамт олондоо…” хэмээсэн байна. 

Энэ мэдээллээс олон нийт түүнийг “Өөрийн найз УИХ-ын гишүүн асан Г.Уянгыг нэг тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд үлээгээд өөрөө нисжээ” гэх ойлголтыг аваад байсан юм.

Тэгвэл ШШГЕГ-ын эх сурвалжаас Г.Майцэцэгийн хилийн хоригийг ямар үндэслэлээр түр цуцалсан болохыг тодруулахад, “Төлбөр төлөгч Г.Майцэцэгээс шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг шийдвэрлэхээр иргэн, хуулийн этгээдтэй тодорхой эвлэрэл үүсгэж, төлбөр төлөх баталгааг удаа дараа гаргасан.

Мөн төлбөр авагч Голомт банкнаас 1,8 тэрбум төгрөгийн үлдэгдэл төлбөрийг шийдвэрлэхээр харилцан тохиролцож, Голомт банкнаас 2022 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр албадлагын арга хэмжээг 10 хоногийн хугацаанд түр сэргээж өгөх хүсэлтийг бичгээр ШШГЕГ-т ирүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар албадлагын арга хэмжээг түр цуцлах үндэслэл хуульчлагдсан, төлбөр авагч Г.Майцэцэгийн хүсэлт, төлбөр авагчийн саналыг үндэслэн түүний гадаадад зорчих эрхийг тодорхой хугацаагаар түр сэргээх арга хэмжээ авсан. Уг тогтоолын хугацаа дуусгавар болсон даруйд төлбөр төлөгч Г.Майцэцэгт албадлагын арга хэмжээг үргэлжлэн тогтооно” гэлээ.

Ямартай ч ШШГЕГ-ыг хууль бусаар өөрт нь мэдэгдэхгүй хилийн хориг тавьсан хэмээн олон нийтэд хандаад байсан “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэгийн хилийн хоригийг Голомт банкны саналаар түр цуцалсан байна.

 

***

 

Р.ЭМҮЖИН : Гуравдагч этгээд нь байна аа, Н.Учрал аа!

 

Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан УИХ-ын нэр бүхий гишүүд ахмадуудыг цуглуулан хэвийн боов тарааж байгаа мэдээлэл цахим орчинд тарсан. Үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Н.Учрал СХД-ийн ахмадуудад хэвийн боов тараасан нь нэлээдгүй шүүмжлэлийг дагуулсан.

Учир нь иргэд, олон нийтийн зүгээс УИХ-ын гишүүдийг бидэнд хэрэгтэй хууль батлаадах, эрх зүйн таатай орчин бүрдүүлээд өгөөч хэмээн сонгодог болохоос өнөө маргаашаа аргалсан боов, чихэр тараа хэмээн сонгодоггүй гэсэн шүүмжлэл давамгайлж байлаа.

Уг шүүмжлэлд УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн цахим хуудаснаа “боов өгч буй, авч буй хүн нь баяртай байна. Гуравдагч этгээд та тайван байна уу” хэмээн постложээ.

УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд тэтгэвэрийн реформыг зоригтой хийж чадах хүн хэмээн нэлээдгүй хүлээлт байсан ч өнөөдрийг хүртэл дорвитой алхам, өөрчлөлт хийгдээгүй байгаа билээ. 

Үүний хариуд нийтлэлч, Яруу найрагч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа ийнхүү нийтэлжээ.

Тэрээр ” Гуравдагч этгээд нь байна, Н.Учрал аа! Ээмэг зүүсгэлдээ түүртсэн эмээ болно. Эвий минь яана даа гэмээр жижигхээн хөгшин болно. Тэгж байтал дүүрэг, хороо хориноос дуудна. За бүр яг энэ дээл, малгайтайгаа Эмүжин гуай хормойгоо өшиглөөд очно. Цагаан сарын хэвийн боов, тавгийн чихэр, гурил будаа өгнө. Шуудай гурил, уут будаа, тавгийн боов, цай бариулаад нөгөө олон зурагчин нь зураг дарна. Гишүүн гуай тохойноос түшиж ирээд, тохойлдох шахам патиардуулна. Ха ха, за инээд хүрээд, энүүнээс цааш төсөөлж ч чадахгүй нь ээ, Н.Учрал аа.

Дөрвөн өвөл дараалан хэвийн боовыг нь гар тосон авч, дөрвөн намар дараалан ахмадын баярын өглөг хүртсэн юм чинь гээд өглөгч гишүүн гуайд тархиа тас базуулаад, ходоодоо хага атгуулаад саналаа өгөх юм уу? Битгий горьд, ёстой зэвүүн шар эмгэн машинаа хэд хаазлуулж очно, ер нь бол тамшаалах гэж биш тарааж хаях гэж л шагайна, за. Хэдэн муу хэвийн боовыг чинь хэмх шидчихээс буцахгүй нэг бус үеийнхэн гучин насыг гэзгэдээд, дөч гараад, тавийг атгаад ирж явааг мэдэж ав. Энэ жил ч гэсэн эхнээсээ наад боов боорцогнууд чинь хороо дүүрэг дээр эзэнгүйдээд хэвтдэг болсон байна. Эзэд нь авахгүй гэж ам таглаад, утсаа шидэж уурлаж байна. Харин одоо бол бид чинь гуравдагч этгээд гэдэг хочтой бил үү? Гуравдагч этгээдээс санал хүргүүлье ээ. УИХ-ын сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулах зүрх зоригтой аавын хүү, ээжийн охин энэ парламентад байна уу? Байвал дэмжье.

 

Latest articles

Related articles

spot_img