“Иргэд сайн дураараа Ковид19-ийн эсрэг вакцины дөрөв дэх тунд хамрагдаж болно“
Коро навиру сийн эсрэг вакцины дөрөв дэх тунг хийлгэж болох эсэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд мэдээлэл өгчээ. Тэрээр “Европын Холбооны Улс болон АНУ-д зорчих иргэд өөрсдийн дөрөв дэх тунд хамрагдаж болно. Тухайлбал, Спутник V вакцины хоёр тун хийлгэсэн хүн дахин Pfizer вакцины хоёр тунг хийлгэж байж олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө. Иргэд сайн дураараа К.о.в.и.д 19-ийн эсрэг вакцины дөрөв дэх тунд хамрагдах боломжтой. Монгол Улс 4-5 төрлийн вакцин иргэддээ хийсэн. Гадаадаас ирээд гэрийн ажиглалтад буй иргэд дөрөв хоногийн хугацаанд аль болох гадуур явахгүй байх хэрэгтэй” гэлээ.
Энэ сарын 25-наас эхлэн гадаадаас ирж буй иргэдийг гурав хоног тусгаарлах шийдвэр гарсан юм.
ДОМГУУД МИНЬ ИНГЭЖ ДООШОО ОРОХ ГЭЖДЭЭ

ДОМГУУД ДООШОО ОРОХ ЁСГҮЙ
Төрийн соёрхолт Харанга тахианы гуя рекламдахыг үзлээ. Даанч дээ, амьд домгууд минь, хайран ч Харанга минь гэж халаглах, хүндлэлээ харамлах сэтгэл төрөв. “Ай даа, хүний амьдрал…” гэж эхэлдэг “Амьдрал” гэх нэг дуу нь л гэхэд амнаас аманд аялагдаж, ардын дуу шиг өвлөгдөж яваа хамтлаг шүү дээ. Гэтэд “Хятад” тахианы шарсан гуя рекламдаж, хайр, хүндэтгэлээ хэдэн бор төгрөгөөр хүндлэлээ сольчих шиг хачин хөндүүр мэдрэмж төрөв.
Харанга Ардчилсан хувьсгалаас нэг “ах”. Гурван аравныг хүндлэл дунд туулж, хариуд нь тэд бидний гомдож гуньсан, бахархаж баярласан, уйтгарлаж уйлсан бүхий л цаг үед дуугаараа хамт байсан. Хүний нутагт хүнд ажилд нухлуулж яваа залуу хэсэг амсхийхдээ “Алс хол хүний нутагт ээжийдээ эрхлэнхэн зүүдэллээ…” гэж аялдаг юм. Амьдралд алдаж онож, андуудтайгаа хааяа тэврэлдэж суухдаа “Баяр хөөр гомдол гуниг адил тэнцүү хосолсон хорвоод…” гэж дуулж эхэлдэг юм.
Морио дээдэлдэг Монгол хүн бүхэн “Толин хулын төвөргөөнд тугаа өргөсөн Монгол оо…” гэж омогшдог юм. Хайртай бүсгүйгээ санасан, санааширсан залуу “Санана даа чи намайг санана…” гэж тайтгардаг юм. Ингэж л, дуулсан дуу бүхэн нь “амьтай”, анагаах чадалтай байж ирсэн учраас дуунд дуртай монголчууд тэдэнд хайртай байдаг юм. Хайртайдаа хүндэлдэг юм.
Тийм ч учраас төр тэднийг соёрхсон юм. Гишүүн бүр нь гавьяат, ганц бөгөөд анхны Төрийн соёрхолт хамтлаг бол тэд. Харангыг үүсгэн байгуулж, өдий хүртэл авч яваа Ц.Энхманлай аль 2000 онд гавьяат авч байлаа. Урт буржгар үсээ задгай тавьж, улаан эрээн алчуур толгойдоо зангидсан тэр л төрхөөрөө нүдэнд, чихэнд, зүрхэнд үлдсэн Х.Лхагвасүрэн гэхэд 2014 онд гавьяат болж байлаа. Ийм ч учраас тэд бол амьд домог.
Гэтэл… Монгол шиг жижигхэн зах зээлд “од” байх, тэр тусмаа Харанга шиг амьд домох байх хэцүү нь мэдээж, ойлгоно. Гуравхан сая хүн амтай, тэн хагас нь хүүхэд, хөгшид гэхээр “хагас” рок сонсож, сонссоныхоо хариуд мөнгө төлөх нь хэд билээ. Энэ утгаараа дуу дуулж, цомог гаргаж, олсон мөнгөөрөө “од” шиг амьдрах хэцүү. Жилд хэдхэн тохиодог, шинэ жил мэтийн нижгэр баяруудаар халтуур хийж, хэд гурван төгрөгтэй залгадаг нь ч нууц биш. “Халтуур” хийдэг урлагийнхан дотроос Хурд, Харангын ханш л хамгийн өндөр байдаг, “Хүндлэл хүлээтлээ хөдөлмөрлөсөн юм чинь хүссэн үнээ хэлэлгүй яах вэ” гэж нийтээр хүлээн зөвшөөрдөг байв.
Энэ нь ч тэднийг бардам, бахархам харагдуулдаг байсан. Гэтэл хайр хүндэтгэлийг харамгүй хүлээсэн Төрийн соёрхолт Харанга маань тахианы гуя рекламдах дээрээ тулна гэж санасангүй. Мөнгө хэдий хүчтэй ч миний мэдэх Харангын хар савхитнуудыг “KFC” идэж байгаа клип хийтэл нь урвуулна чинээ төсөөлсөнгүй. Хятад тахиа оруулж ирдэг гэж муулуулдаг, хэд хэдэн удаа хордлогын дуулиан дэгдээж байсан, хэл амнаас салдаггүй түргэн хоолны газрыг түмний хүндлэлийг хүлээсэн амьд домгууд маань рекламдаж доошоо орохыг харна чинээ зүүдэлсэнгүй.
Харанга шарсан тахианы гуя рекламдахгүйгээр 32 жил оршин тогтож чадсан. Цаашид ч чадах л байсан. Даанч домгууд маань доошоо орчихлоо. Төрийн соёрхолтоо бодоод түргэн хоолны газрын рекламаас татгалзах ёстой байсан юм. Дэндүү бардам явж ирснээ бодоод “Дутуугаа дүүргэ, Дүүрэн жаргалтай бай” гэж доошоо орох ёсгүй байсан юм. Тэгэхийг нь тэднийг сонсдог, хайрлаж, хүндэлдэг фенүүд нь зөвшөөрөхгүй гэдгийг тооцоолох ёстой байсан юм.
Эцэст нь, хүндлэл хүлээсэн амьд домгууд хоолны салбар луу холбирсоор л. Гавьяат Б.Сарантуяа “Сакура”, Төрийн соёрхолт Д.Болд “Слава” рекламдаж, телевизийн нэвтрүүлэг, киноны дундуур үзэгддэг болоод удлаа. Араас нь алдарт Харанга орчихгүй байгаасай. “Агуу “Битлс” цагтаа сүү, сэндвич рекламдаж явсан юм шүү, юун сүртэй юм” гэж өмөөрөх хүмүүс ч байгаа л байх. Баруунд л тийм байдаг юм байгаа биз, харин бидний хүндлэх, бахархах соёл, сэтгэхүй тэднээс тэс өөр юм. Тиймдээ ч тэссэнгүй. Гэхдээ бас шүлс үсчүүлэн шүүмжлэхийг, буруу гэж баалахыг гол зорилгоо болгосонгүй. Харин Харанга гэх түмний зүрхэн дэх хүндлэлийг хадгалаасай л гэж хүслээ. Домгууд домгоороо л үлдэх ёстой юм. Тахианы гуя өрсөн ширээний ард зогсох Харанга биш, тайз эзэгнэж, талбай дүүрэн үзэгчдийг огшоож чаддаг тэр л Харанга чигээрээ үлдэх ёстой юм.
Эх сурвалж: ergelt.mn
Японы эрх баригчид “газар нутгийн” эрэлд гарлаа

Японы эрх баригчид тус улсад хүчтэй газар хөдлөлт болбол 200 мянган хүн амиа алдах магадлалтай гэж үзэж байна.
Судлаач, мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, есөн баллын хүчтэй газар хөдлөлт нь 220 мянга хүртэлх барилга байгууламжийг бүрэн сүйтгэж, эдийн засагт нийт 275,5 тэрбум ам.долларын хохирол учруулна гэсэн тооцоо гаргажээ.

Японы зүүн хойд болон хойд хэсэгт орших долоон мужид есөн баллын хүчтэй газар хөдлөвөл 200 мянга хүртэлх хүн нас барж магадгүй бөгөөд газар хөдлөлтийн эх үүсвэр нь Номхон далайн ёроолд байна гэсэн урьдчилсан тооцоо гарлаа. Японы Засгийн газрын мягмар гараг /2021.12.21/-т нийтэлсэн албан ёсны урьдчилсан дүн мэдээнд дээрх сэрэмжлүүлэг, сануулгыг дурджээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар, газар хөдлөлт болсон тохиолдолд цүнами болж, иргэд үй олноороо байгалийн гамшгийн хохирогч болно гэжээ.
Газар хөдөлж, цүнами үүссэнээр 220 мянга хүртэлх барилга байгууламжийг бүрэн сүйтгэж болзошгүй бөгөөд Япон даяар эдийн засгийн нийт хохирол 31,3 их наяд иен буюу 275,5 тэрбум гаруй ам.долларт хүрнэ гэсэн байна.

Кишида Фүмио тэргүүтэй Японы Засгийн газар ирэх оны эхээр учирч болзошгүй хохирлыг бууруулах цогц арга хэмжээний тактик, төлөвлөгөөг зарлах бодолтой байгаа аж.
Тодруулбал, цүнамиг болохоос нь өмнө урьтаж хүн амыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулбал байгалийн гамшигт амь үрэгдэгсдийн тоог даруй 80 хувиар бууруулах боломжтой гэж шинжээчид сүүлийн тайландаа дурджээ. Үүний зэрэгцээ хамгийн тааламжгүй нөхцөлд буюу шөнийн цагаар, өвлийн улирлын дунд үед хүчтэй газар хөдлөлт болбол хохирогчдын тоо нэмэгдэх болно гэжээ.
2011 оны гуравдугаар сарын 11-нд Японы Хоншюү буюу Төв арлын зүүн хойд эргийн ойролцоо есөн баллын хүчтэй газар хөдлөлт болж, түүнээс үүдэлтэй цүнамигийн улмаас 20 мянга гаруй хүн амиа алдаж, ор сураггүй болсон гашуун түүх бий. Цүнами мөн “Фүкүшима-1” Атомын Цахилгаан Станц /АЦС/-д нөлөөлж, өргөн уудам газар нутгийг цацраг идэвхт бодисоор бохирдуулсан удаатай. АЦС-ын хор хохирол одоо хэр нь арилаагүй байгаа юм.
Энэ мэтээр Японд ойр ойрхон газар хөдлөлт, цүнами зэрэг байгалийн ноцтой үзэгдэл болох нь тус арлыг далайн усанд автаж, доош суух явцад багагүй нөлөө үзүүлнэ гэж эрдэмтэд дүгнэж байгаа юм.

Ойрын арван жилийн хугацаанд хамгийн багадаа дэлхийн таван улс орон газрын хөрснөөс арчигдан үгүй болно гэсэн таамгыг шинжээчид хийсний дотор арлын Япон улс багтсан. Таамгыг дурдваас, 2010 онд Японд аймшигтай газар хөдлөлт болсны улмаас тус улсын хэд хэдэн хот бараг бүхэлдээ сүйрсэн. Япон бол арал дээр оршин тогтнож буй дэлхий дээрх хамгийн “эмзэг” улсад тооцогддог. Тэнд бараг өдөр болгон шахуу газар хөдөлдөг гэхэд хилсдэхгүй.

Байнгын газар хөдлөлт, цүнами, галт уулын дэлбэрэлтээс үүдэлтэй бүс нутаг, газар зүйн онцлогийн хувьд тун тогтворгүй учир Япон улс ойрын хэдэн арван жилд арал нь бүхэлдээ усанд автаж, газрын хөрснөөс арчигдан үгүй болж мөхөх аюул эрсдэлтэй орны тоонд зүй ёсоор орж байгаа юм гэжээ.
Тиймээс ч, Японы үе үеийн эрх баригчид газар нутгийн “эрэлд” гарсаар ирсэн. Тэдгээрийн нэг тод жишээ бол, Курилын цувраа арлын асуудлаар ОХУ-тай газар нутгийн маргаантай байсан хэвээр байгаа юм.
Үүнтэй холбогдуулан НҮБ-аас Япон улс хэрэв арал нь доош сууж, хүн амьдрах аргагүйд хүрвэл япончуудыг дэлхийгээр тараан байршуулна гэж мэдэгдэж байсан юм.
(Эх сурвалж: Kyodo; Planetanovosti)













