Монгол Улсад өчигдөр гадаанаас ирсэн иргэдэд хийсэн шинжилгээнээс хоёр тохиолдлоос Омикрон хувилбар илэрсэн талаар мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. Тэгвэл уг мэдээлэлтэй холбоотойгоор УОК-ын нарийн бичгийн дарга О.Батбаяр мэдээлэл өглөө.
Тэрээр “ДЭМБ-аас мэдээлснээр өнөөдөр 25 оронд тохиолдлын тоо бүртгэгдсэн байна. Норвеги улсад өчигдрийн байдлаар Зул сарын хүлээн авалтад оролцсон 40 гаруй хүнээс Омикроны халдвар илэрсэн гэх мэдээлэлтэй байна. ДЭМБ ын зүгээс эрсдэлд суурилсан хорио хийхийг зөвлөж байгаа. Модерна, Пфайзер компанийн зүгээс энэ хувилбар луу чиглэсэн шинэ вакцины судалгааг хийж эхэлсэн. Мөн Хонконг улсын нисэх онгоцны тусгаарлах байранд Омикроны халдвараар тусгаарлагдаж байсан хүний эсрэг талын өрөөний хоёр хүн мөн халдварыг авсан тохиолдол бүртгэгдсэн.
Манай улсын хувьд хил дээр эерэг гарсан тохиолдол бүрээ тусгаарлаж байгаа. Үүний дараа PCR-аар шинжилгээг авч байна. Эцсийн баталгаажуулалтыг бид генийн дараалал тогтоох шинэ лабораторид аваачин хянаж байна. Үүнд 5-10 хоногийн хугацаа орж байгаа. Манай лабораторийн эмч Японд бэлтгэгдсэн эмч нар юм. Иймд генийн дарааллыг Монгол Улс найдвартай тогтоож байгаа гэж итгэж болно. Генийн дараалал тогтоох энэ шинжилгээгээр одоогоор манай улсад Омикрон хувилбар бүртгэгдээгүй байна.
Монгол улсын хилээр арванэгдүгээр сарын 26-аас хойш 54 нислэгээр ирсэн зорчигчдын 5000 гаруй хүнээс хариу эерэг гарсан. Энэ хүмүүстээ бид зохих шинжилгээ хийсэн учир иргэд итгэлтэй байж болно.
Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Гадаад улсуудын хувьд Омикрон хувилбарын эсрэг арга хэмжээ авч байна вэ?
-Япон улс гадаадаас ирэх зорчигчдыг хүлээж авахаа зогсоосон. Өмнөд Солонгосын хувьд гадаадаас ирж байгаа зорчигчдыг арав хоног тусгаарлах зохицуулалтыг хийж байна. Манай улсын хувьд ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу эрсдэлд суурилсан шийдвэрийг гаргаж байгаа.
-Омикрон хувилбарын эмнэлзүйн шинж тэмдэг ямар байна вэ?
-ӨАБНУ-ын өгч байгаа мэдээллээр одоогоор эмчлэгдэж байгаа хүмүүсийн хувьд хөнгөн байна. Нас баралт, хүндрэлийн хувьд одоогоор судалгаа хийж байгаа юм байна. Энэ хувилбарын хамгийн гол санаа зовоож зүйл нь халдварлах чадвар эрс нэмэгдсэн нь юм.
Эх сурвалж: itoim.mn
С.Эрдэнэбат: Монгол хүний дундаж цалинг 2030 он гэхэд 10 саяд хүргэх бодлогыг баримтална

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны XXIII Их хурлаас гарсан шийдвэрийн талаар танилцууллаа. Хурлаар Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагын баг бүрэлдэхүүнийг сольсон бөгөөд МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ажлаа өгч, түүний оронд Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбатыг томилжээ. Хурлаас гарсан зарим шийдвэр, хийж хэрэгжүүлэх бодлогын МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат танилцуулав.
Тэрээр “Монголын Үйлдвэрчний холбооноос Монгол Улсыг хөгжүүлэх алсын хараа, хөгжлийн хөтөлбөрт зарим нэмэлт өөрчлөлт орууллаа. Үүнд, цар тахлын нөхцөл байдлын үед чанартай, байнгын ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр өөрчлөлт оруулж ажиллах шаардлагатай байна.
Нийгмийн тэгш бус байдлыг арилгах ялангуяа хүн амын дийлэнх ядуурал руу гулсан орж байгаа энэ цаг үед Үйлдвэрчний эвлэлийн холбоо баялгийн шударга хуваарилалтыг бий болгох тэр дундаа дундаж орлоготой иргэдийг 80 хувьд хүргэх бодлогыг хэрэгжүүлэхэд манлайлж оролцоно. Ингэхдээ цалин хөлсийг 2025 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлэх зорилтыг тавьсан. Цаашлаад Монгол Улсын иргэний дундаж цалинг 2030, 2040 он гэхэд ойролцоогоор Скандинавын орнуудтай ижил буюу 10 сая төгрөгт хүргэх бодлогыг баримталж, энэ хүрээнд Засгийн газартай хамт ажиллаж, шахаж шаардах болно.
Мөн халамжаас хөдөлмөрийн бодлогод шилжих төрийн бодлогыг дэмжиж байгаа. Үүнтэй зэрэгцэн ажил, хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийнхээ цалин орлогыг нэмэгдүүлэх, мөн баялгийг хуваарилахдаа халамж гэхээс илүү ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн цалин орлогыг урамшуулах бодлогыг дэвшүүлэн тавьсан.
Хөгжлийн бэрхшээлтэй, ажил хөдөлмөр эрхлэх бололцоо хомс иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг бүх талаар дэмжих болно. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилчдын ур чадварыг нэмэх, ирээдүйд байхгүй болох ажлын байрнаас урьдчилан сэргийлэх асуудлыг тавьсан.
Түүнчлэн, төрийн үйлчилгээний албан хаагчдыг хэвээр нь байлгах тухай хатуу шаардлага тавьсан. Үүнд Засгийн газар, УИХ-аас тодорхой шийдэл гаргаж арванхоёрдугаар сарын 25-ны дотор өгөхгүй бол бид хуулийн дагуу олгосон дараагийн тэмцлийн арга хэлбэр лүү шилжих болно. Алдаатай, дутуу тооцсон ийм хууль шийдвэрээ засаж залруулах ёстой. Цаашид энэ байдал даамжирвал магадгүй Үйлдвэрчний эвлэлийн байгууллага тэдгээрийн гишүүд хяналтаас гарах эрсдэлтэй байгаа юм шүү гэдгийг урьдчилан хэлмээр байна.
Мөн тэтгэврийн реформын шинэчлэл хийх болно. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг насаараа бид төлдөг гэвч эрчүүдийн 50 хувь нь үр шимийг нь хүртэж чадахгүй гунигтай тавиланд байсаар байна. Иймд бид тэтгэврийн реформын ажилд манлайлан оролцоно” гэлээ.













