Өнөө өглөө нийслэлийн замын хөдөлгөөн хотын төв рүүгээ бага зэрэг ачаалалтай байсан бол төвөөсөө зах руугаа чиглэсэн хөдөлгөөний урсгал сийрэг, хэвийн байсан гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Үнэхээр тийм байлаа. Өчигдөр гаргасан судалгаагаар сургууль, цэцэрлэг амарсантай холбоотой замын ачаалал 20 хүртэлх хувиар буурсан гэнэ.
Иймээс замын хөдөлгөөний ачааллын нэмэгддэг шалтгааныг эцэг, эхчүүд хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж буйтай холбон үзэж байна. Тэр дундаа замын ачаалал хамгийн их нятгралтай байдаг Яармагийн гүүр, Зүүн дөрвөн зам, Саппоро, 21 дүгээр хорооллын ачаалал өмнөх үеэс бага байлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 12 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Айлчлалын үеэр “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.
Зам тээврийн яам: ЭРЭЭН хаалгаа бариагүй

Эрээн-Замын-Үүд дэх автозамын боомтоор ачаа тээврийг энэ сарын 11-ээс нэвтрүүлж эхлээд буй. Гэвч өчигдрөөс хилийг дахин тодорхойгүй хугацаагаар хаасан гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Уг асуудалд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин тайлбар өглөө. Тэрбээр “Энэ сарын 8-нд би Замын-Үүд боомтод ажилласан. Энэ сарын 10-11-нд тээврийн хэрэгслийг Эрээн талаас дундын цэг дээр байршуулсан.
Гэхдээ Эрээний талд хүндрэл үүссэн нь автомашинууд цаг агаарын байдлаас шалтгаалан асахгүй байх, гаалийн бүрдүүлэлт, бодит автомашин дээрх ачааны жин, хэмжээ зөрөх асуудлаас үүдэлтэй. Иймд энэ сарын 14, 15-нд үнэлгээ хийж дүгнэлт нь гарч байна. Тэгэхээр Эрээн дахин хаалгаа бариагүй.
Бараа бүтээгдэхүүн эргэлтэд орох үе шаттай ажлын процесс явагдаж байна” гэв. Зам тээврийн хөгжлийн яамны мэдээлснээр Эрээн-Замын-Үүдийн автозамын боомтын үйл ажиллагааг нээснээс хойш 50 автомашин хилээр нэвтэрчээ.
Гэсэн ч Тяньжин хотод Covid-19-ийн омикрон хувилбар бүртгэгдсэн нь анхаарал татаж буй. Ачаа тээврээр дамжин халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлд хэрхэн анхаарч буй талаар тус яамнаас өгч буй мэдээллээр “Хилээр нэвтэрч буй ачаа тээврийг мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран ариутгаж халдваргүйжүүлж байна” гэлээ.
ХИЛ ДЭЭР ТҮРГЭВЧИЛСЭН ХАРИУ ЭЕРЭГ ГАРВАЛ ХӨСҮТ-Д ТУСГААРЛАЖ БАЙНА
Үүнээс гадна омикрон хувилбарын тархалттай холбогдуулан гадаадаас ирж буй иргэдийг хэрхэн нэвтрүүлж буй талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд хэлэхдээ “Эрүүл мэндийн сайдын тушаалаар агаарын тээврээр зорчин ирж буй иргэдээс ХӨСҮТ-ийн баг шинжилгээ авч хилээр нэвтрүүлж байна. Эрүүл мэндийн яамнаас түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарсан хүмүүсийг халдварт өвчин судлалын үндэсний төвд ПСР шинжилгээний хариу гарах хүртэл түр хугацаанд тусгаарлаж байна. Ерөнхийдөө хилийн нэвтрэх цэгүүдийн хяналт шалгалтыг чангаруулсан. Хэрэв хилийн нэвтрэх цэгт эерэг тохиолдол илэрсэн бол тухай бүрт нь тусгаарлах арга хэмжээг авч байна” гэлээ.













